Альцгеймерийн эмнэлзүйн туршилт судалгааны явцад үүдэл эсийг идэвхжүүлж шүдний хатуу эдийг нөхөн сэргээх чадвартай эмчилгээний шинэ технологийн суурь тавигдлаа

GANTUMUR.DDS
2 min readNov 13, 2017

--

Альцгеймерийн өвчнийг эмчлэх зориулалтаар гарган авсан эмийн эмнэлзүйн туршилт судалгааны явцад энэхүү эм нь шүдний ургалтыг дэмжээд зогсохгүй шүдний цоорлыг нөхөн сэргээж байгаа болох нь тогтоогдлоо.

Энэхүү нээлтийг Английн King’s College London-ы судлаачид санамсаргүй олж илрүүлсэн бөгөөд Альцгеймерийн эмчилгээний зориулалтын Tideglusib эм нь шүдний зөөлцийн үүдэл эсүүд (stem cell)-ийг идэвхжүүлж шинээр тугалмай эд үүсгэж байгаа болохыг баттай тогтоогоод байна.

Хүний шүд нь угтаа бол халдвар болон гэмтлийн улмаас зөөлц нь ил гарсан үед өөрийгөө нөхөн сэргээх чадвар байдаг хэдий ч энэ нь ердөө маш нимгэн давхарга л үүсгэж зөөлцийг хэсэг хугацаанд хамгаалах хүчин чадалтай тул гүн цоорлыг буцаан нөхөн сэргээж чаддаггүй.

Тэгвэл Tideglusib эм нь GSK-3 хэмээх ферментийн үйл ажиллагааг зогсоодог нь тугалмайн эдийг дахин хэлбэржихэд тусладаг байна.

Судлаачид биологийн нөлөөгөөр задардаг пролонд шингээсэн эмийг цоорлын хөндийд байршуулахад 6 долоо хоногийн дотор тэр хэсэгт тугалмайн эд шинээр үүсэж байгааг тогтоожээ. Пролоны гадуур коллаген эд бүрхэж пролон аажим хайлсаар тэр хэсгийн хатуу эдийн согог нөхөн сэргэсэн байна.

King’s College London-ы Dental Institute-ын профессор, судалгааны багийн ахлагч Paul Sharpe “Бидний хөгжүүлж буй аргачлалын хялбар дөхөм байдал нь томоохон хэмжээний цоорлын хөндийн үед зөөлцийг хамгаалах, тугалмайн эдийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд байгалийн аргаар нөхөн сэргээх эмчилгээний идеаль материал болох боломжтой нь харагдаж байна. Энэхүү эмийн бодис нь хэдийнээ бэлэн болж Альцгеймер өвчний эмчилгээнд туршигдаж эхэлсэн нь шүдний эмчилгээний салбарт түргэн хугацаанд нэвтрэх боломжтой болоод байна” гэж тэрээр хэллээ.

Өнөө үед шүдний цоорлын эмчилгээнд үйлдвэрийн аргаар гарган авсан кальци болон цахиурын суурьтай цементэн ломбоны материалуудыг ашиглаж байгаа ч шүд болон цементийн үл нийцлийн улмаас ломбоны алдаа гарах шалтгаан болдог. Энэ нь шүдний эдүүд бичил түвшиндээ хэзээ ч бүрэн нөхөн сэргээгдэж чадахгүй байна гэсэн үг юм.

Энэхүү шинэ төрлийн материалын туршилт судалгаа нь “Promotion of natural tooth repair by small molecule GSK3 antagonists” гарчигтайгаар Scientific Reports 7, Article number: 39654 (2017)-д нийтлэгдсэн байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet