Нянгийн эсрэг бодис (Antimicrobial agent) эндодонтын эмчилгээнд заавал шаардлагатай юу?
Асуулт: Нянгийн эсрэг бодис (Antimicrobial agent) эндодонтын эмчилгээнд заавал шаардлагатай юу?
Асуултанд хариулсан мэргэжилтнүүд:
Allen Ali Nasseh, DDS, MMSc
Clinical Instructor, Department of Restorative Dentistry and Biomaterial Sciences, Harvard University, School of Dental Medicine, Boston, Massachusetts
Barry Lee Musikant, DMD
Owner, President, and Co-Director of Research, Essential Dental Systems, Inc., Hackensack, New Jersey
Joseph Chikvashvili, DDS
Director of Endodontics, Newark Beth Israel Medical Center, GPR Program, Newark, New Jersey
Dr.Allen Ali Nasseh, DDS, MMSc
Нянгийн эсрэг эмчилгээ нь бүх талаараа эндодонтын эмчилгээний амжилтанд маш чухал зүйл юм. Баримтаас харахад эндодонтын эмчилгээ гэдэг нь бүхэлдээ шүдний зөөлцөд байгаа нянгийн тоо хэмжээг бууруулах, шүдний сурвалжийн сувагт байгаа нянгийн халдварыг арилгахад чиглэгддэг. Иймд химийн болон механикийн аргачлалыг хослуулан нянгийг халдварыг таслан зогсоох гэдэг нь одоо ч эндодонтын эмчилгээний үндсэн зорилго хэвээр байна. Kakehashi, Stanley нарын 1965 онд хийгдсэн судалгаа эндодонтын өвчлөл даамжрахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь нянгийн халдвар болохыг тогтоосон бөгөөд эндодонтын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд нянгийн халдварыг таслан зогсоож ариутгах аргачлал нь чухал зүйл болохыг тодорхойлж өгсөн байдаг. Өнөө үед эндодонтын өвчлөлийн хүндрэлд нянгийн гүйцэтгэх үүрэг ролийг шинжлэх ухааны хувьд бүрэн тогтоосон төдийгүй эндодонтын салбар бүхэлдээ шүдний зөөлц ба сувгийн хөндийд нянгийн халдвараас таслан сэргийлэх арга аргачлалуудыг хөгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулаад байна.
Шүдний сурвалжийн сувгийн анатомийн бүтцийн нарийн түвэгтэй байдалтай холбоотойгоор суваг ба зөөлцийн хөндийг нэлэнхүйд нь төгс халдваргүйжүүлж ариутгах нь бараг боломжгүй зүйл тул шүдний сувгийн зэмсэгүүд ба суваг угаах нянгийн эсрэг үйлчлэлтэй уусмалуудыг ашиглах хими механикийн хосолмол аргачлал нь сувгийг цэвэрлэх цорын ганц надвартай гэж үзэх аргачлал хэвээр байна. Иймд суваг угаах бүх уусмалууд нь заавал нянгийн эсрэг үйлчлэлтэй байх шаардлагатай ба сувгийн ханыг аль болох сайн цэвэрлэдэг байх нь чухал. Орчин үед сувгийн эмчилгээнд ашиглаж буй стандарт суваг угаах уусмал нь sodium hypochlorite бөгөөд концентрацийн хувьд 1–6% байх шаардлага тавьдаг. Учир нь энэ бодис нь өндөр хэмжээний cytotoxic үйлчлэлтэй тул хамаагүй өндөр концентрациар хэрэглэх нь аюултай. Нянгийн эсрэг үйлчлэлтэй бодисыг сурвалжийн сувгийн гүнд нэвтрүүлэх зорилгоор төрөл бүрийн аргачлал хөгжүүлж байгаагийн нэг нь negative pressure ашиглах аргачлал юм. Энэ аргачлал нь үхжилтэт хэлбэрийн үрэвслийн үед сувгийн гүнд нянгийн эсрэг бодис нэвтрүүлэхэд маш чухал. Сувгийг ийнхүү бүрэн халдваргүйжүүлэлгүйгээр дутуу орхих нь эндодонтын эмчилгээний алдаа гарах гол шалтгаан юм. Иймд аль болох их хэмжээний суваг халдваржуулах уусмалыг сувгийн гүнд нэвчүүлэх нь эмнэлзүйн ажилбар амжилттай болох тулгуур хүчин зүйл болно.
Dr.Barry Lee Musikant, DMD
Шүдний зөөлц үхжих, сурвалжийн орой орчмын үрэвсэл үүсэх нь нян бактерийн халдвар ба тэдгээрийн ялгаруулдаг хорт бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Хэрэв нян бактерийг устгаж халдваргүйжүүлээд дахин сэдрэхээс сэргийлж чадвал сурвалжийн орой орчмын үрэвсэл намжина. Энэ зорилгоор шүдний халдварласан эдүүдийг авч цэвэрлээд нян бактерийн халдварыг дахихаас сэргийлэн нянгийн эсрэг үйлчлэл бүхий нэгдэл агуулсан цементүүдээр хөндийг таглаж ломбоддог.
Эмчилгээний механик аргачлал гэдэг нь зориулалтын сувгийн зэмсэгүүдийн тусламжтайгаар халдварлагдсан эдийг авч цэвэрлэх юм. Шүдний сурвалжийн сувгийг нянгийн эсрэг үйлчлэлтэй бодис хэрэглэхэд хангалттай хэмжээнд өргөсгөж өгөх шаардлагатай. Нянгийн эсрэг үйлчлэлтэй суваг угаах бодисуудын үүрэг нь сувгийн ханан дахь smear layer давхаргыг арилгаад, тугалмайн сувганцаруудыг онгойлгож, сувганцарын гүнд нэвтэрч тэнд агуулагдсан нянгийн отог омгийг устгах, нянгийн ялгаруулсан хорт бүтээгдэхүүнүүдийг угааж цэвэрлэх явдал юм. Энэ ажилбарыг хангалттай хэмжээнд гүйцэтгэхэд ганцхан төрлийн суваг угаах уусмал ашиглах нь хангалттай бус. Иймд бид эхлээд 17%-ийн EDTA ашиглан smear layer-ыг уусгаж тугалмайн сувганцаруудыг нээгээд үргэлжлүүлэн 6% sodium hypochlorite ашиглан нян бактерийг иж бүрэн устгаж задарсан эдүүдийг уусгаж зайлуулдаг. Энэ хоёр уусмалын зэрэгцээгээр sodium hypochlorite-д тэсвэртэй Enterococcus faecalis нянг устгахын тулд 2% chlorhexidine уусмалыг ашиглахыг зөвлөдөг ба энэ төрлийн нянг устгахгүй орхих нь сувгийн эмчилгээний алдаа гарах шалтгаан болно.
Суваг халдваргүйжүүлэх бодисыг сувгийн гүнд нэвтрэх явцыг сайжруулах зорилгоор авианы болон хэт авианы аргачлалуудыг ашигладаг.
Dr.Joseph Chikvashvili, DDS
Нянгийн эсрэг бодисыг заавал ашиглах нь тодорхой. Ялангуяа үхэжсэн шүдний хувьд энэ нь маш чухал зүйл юм. Шинэ тутам хийгдэж буй судалгааны баримтууд халдварлагдсан сурвалжийн сувгаас нянгийн халдварыг салгах нь ямар хэцүү болохыг дэлгэн үзүүлсээр байна. Жил ирэх бүр сурвалжийн сувгаас улам илүү олон нян бактериуд илрүүлсээр байгаа нь энэхүү өвчин нь бидний төсөөлж байснаас илүү нарийн түвэгтэй болохыг гэрчилж байна. Гэвч шинжлэх ухааны ололт дэвшил инноваци бүр сувгийг хэрхэн илүү үр дүнтэй халдваргүйжүүлэх, эмчлэх боломжийг нээсээр байна.
Сувгийн эмчилгээнд хэт авиа Ultrasonic ашиглах болсон нь суваг угаах шингэн сувгийн хананд хүрэх боломжийг сайжруулсанаар сувгийг өмнөхөөс илүү үр дүнтэй цэвэрлэх боломжийг олгоод байна. Хэдийгээр өмнөхөөс илүү үр дүнтэй угаах боломж нээгдээд байгаа ч шингэнийг сувгийн хананд илүү сайн хүргэх аргачлалыг тасралтгүй эрж хайн хөгжүүлэх шаарлага ч хэвээрээ л байсаар байна. Өнөөг хүртэл суваг угаах хамгийн шилдэг уусмал нь hypochlorite solution (6%) хэвээр байгаа бөгөөд энэ нь үхэжсэн шүдний задарсан бүтээгдэхүүнүүдийг цэвэрлэх, амьд шүдний эдүүдийг уусгах чадвараараа бусдаас илүү.
Сүүлийн жилүүдэд Chlorhexidine 2% уусмал ашиглах болсон нь сувгийн эмчилгээний алдаатай байнга холбогддог Enterococcus faecalis-тэй илүү үр дүнтэй тэмцэх боломж нээгээд байна. Calcium hydroxide нь он удаан жилийн турш нянгийн эсрэг үйлчлэлтэй тул ашиглагдсаар ирсэн ба үхэжсэн шүдийг эмчлэхэд ашигладаг. Харин EDTA-г ерөнхийдөө smear layer-г уусгаж тугалмайн сувганцаруудыг нээхэд ашигладаг.
Дээр дурдсан суваг угаах уусмалууд ба аргачлалуудыг зэрэг ашиглах нь сурвалжийн сувгийг бүхлээр нь халдваргүйжүүлэхэд маш чухал гэдгийг туршлагатай эмч нар сайтар ойлгож байгаа. Эдгээр бодис, аргалал бүр өөр өөрийн үүрэгтэй тул тэдгээрийг бүхэлд нь цогцоор ашиглах нь эмчилгээний амжилтанд хүргэнэ.