Пери-имплантит буюу имплантанд зүүсэн цагийн механизмтай тэсрэх бөмбөгний тухай

GANTUMUR.DDS
4 min readOct 27, 2017

--

Хатагтай Cathy Gunnell 52 настай байхдаа шүдэндээ имплант суулгуулаад шүдтэй болсондоо бөөн баяр хөөртэй хүн байжээ. Учир нь тэрээр багаасаа л шүдний гажиг, буйлны өвчин, шүдний буглаа гээд шүднээс шалтгаалсан олон зовлонг үзсэн бөгөөд тэр болгонд шүдээ авхуулсанаар зовлонгоос ангижирч байсан гэнэ.

Тэрээр Лондон хотын нэгэн шүдний эмнэлэгт 13 000 фунт стерлингийн төлбөрөөр авахаас өөр аргагүй болсон 4 шүдээ авхуулан оронд нь имплант тулгууртай шаазан шүдэлбэр хийлгэсэн бөгөөд тэрээр хийлгэсэн шүдэндээ маш их сэтгэл хангалуун байсан тул шаардсан төлбөрийг эмчид баяр хөөртэйгээр гардуулан өгсөн байна. Энэ бол 2002 он байлаа. Түүнээс хойш 12 жил өнгөрсөн ч шүдэнд ямар нэгэн таагүй зүйл байсангүй.

Гэвч 3 сарын өмнө эрүүний баруун талд яг имплант хийлгэсэн орчимд гэнэт эвгүй оргиод явчхсан гэнэ. “Энэ бол өвдөлт биш юмаа. Нэг л сонин эвгүй оргиод байсан тул өөрийн үзүүлдэг эмчээрээ шалгуулахаар очсон юм” гэж өдгөө 64 настай Mrs Gunnell хатагтай хэлж байна. Эвгүй оргих мэдрэмж нь антибиоток уусны дараа намжиж байсан боловч шүдний эмнэлэгт очин рентген зураг авхуулсаны дараа имплантын орчимын ясны эд нь бараг байхгүй болчихсоныг олж харсан байна.

Эмчийн түүнд хэлсэн түүний өмнө нь бараг сонсож байгаагүй өвчний онош Gunnell хатагтайг гайхалд хүргэсэн бөгөөд энэ өвчин нь орчин үеийн имплантын салбарт жил тутам өсөн нэмэгдэж байгаа хүндрэлүүдийн шалтгаан болох имплантын үрэвсэл буюу периимплантит байсан байна.

Периимплантит буюу имплантын үрэвсэл нь ихэвчилэн нян бактериас шалтгаалан үүсэх бөгөөд имплантын орчимын ясны эдийг идэж уусгадаг хор хөнөөлтэй үрэвсэл юм. Хэдийгээр нян бактериас шалтгаалан үүсэж байгаа гэж үздэг ч уг үрэвсэлийг үүсгэх шалтгаан нь маш олон тул тэр болгон шууд оношийг нь нарийвчилан тогтоох боломжгүй юм. Түүнчилэн түүнийг эмчилэх аргыг шүдний эмч нар тэр бүр мэддэггүй тул ямар арга хэмжээ авах учираа олдоггүй. “Үүнийг сонсоод би үнэхээр шоконд орсон бөгөөд урьд нь имплант ингэж үрэвсэж өвчин үүсдэг тухай огт сонсож байгаагүй” гэж хатагтай Gunnell хэлж байна.

Одоогоос 10-аад жилийн өмнө бол имплантын салбарын мэргэжилтнүүд ийм өвчин байдаггүй гэж огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэвч өнөөдөр уг өвчнийг байгааг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй уг өвчний тархалт жил бүр өсөн нэмэгдэж байгааг сүүлийн үеийн судалгаанууд нотлон харуулсаар байна. Их Британи улсын хэмжээнд насанд хүрэгчдийн дунд явуулсан шүдний эрүүл мэндийн судалгаагаар хагас сая имплант бүхий иргэд дээрх өвчинөөр өвчилсөн болохыг тогтоосон байна.

Мөн өөр нэг судалгаагаар имплант хийлгэсэн 3 өвчтөний нэг нь энэхүү өвчний шинж тэмдэгтэй гэж гарсан байна. “Бид цагийн механизмтай тэсрэх бөмбөгөн дээр сууж байна” гэж Британийн Шүдний имплантын холбооны еөрөнхийлөгч олонд танигдсан нэрт мэс засалч Dr Stephen Jacobs үзэж байна. “Өдрөөс өдөрт шинэ шинэ тохиолдлууд нэмэгдсээр байна” гэж тэрээр хэллээ.

Периимплантит нь өөртөө арай зөөлөн хувилбарыг бас агуулах бөгөөд түүнийг peri-implant mucositis буюу салстын хэлбэрийн имплантын үрэвсэл гэж нэрлэдэг. Энэ нь бол эмчилгээ авдаг өвчин юм. Уг өвчний эрт илрэх шинж тэмдэг нь буйл улайх, хавдах, зондоор сэтгэх үед цус гарах юм. Хэрэв өвчнийг энэ үе шатанд нь мэдэлгүй, эмчлүүлэлгүй явбал цаашид хүндрэн жинхэнэ имплантын үрэвсэл болдог.

Периимплантитын үед ясны эдийн хатингаршилт хурдтай явагдах хэдий ч энэ нь ямар нэгэн өвчин эмзэглэлийн шинж тэмдэггүй явагддаг тул тэр бүр анзаарах боломжгүй. Амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг чанд баримтлах, цаг тухай бүрт нь шүдний эмчидээ хандаж хяналтанд явах нь л уг өвчнөө сэргийлэх хамгийн чухал зүйл юм гэж Dr Jacobs эмч зөвлөж байна. “Сүүлийн жилүүдэд өвчтөнүүд хямд үнэтэйд нь болж гадаадын улс орнуудыг зорьж имплант их хийлгүүлдэг болсон. Гэтэл имплант суулгасны дараа зайлшгүй шаардлагатай арчилгаа, хяналт байхгүйн улмаас эдгээр хүмүүс нь имплантын үрэвсэлд нэрвэгдэх томоохон эрсдэлтэй бүлэгт хамаарч байна” гэж тэрээр мөн анхаарууллаа.

Gunnell хатагтайн хувьд 3 жилийн өмнө Лондонгоос Девонруу нүүсэн цагаасаа шүдний эмчийн хяналтанд очиж чадахаа больсон байна. Тэрээр угаасаа л периимплантит үүсэх өндөр эрсдэлтэй хүнд тооцогддог байсан нь шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй бөгөөд тамхи татдаг хүн юм.

Уг өвчний хувьд авч үзэх нэг парадокс хүчин зүйл нь имплантын дизайн зохиомж сайжирсантай холбоотойгоор өвчний тархалт нэмэгдэж байгаа нь юм. Учир нь 90-ээд оны дунд үеэс имплантын салбарт зормол гөлгөр гадаргуутай имплантын оронд барзгар гадаргуутай имплантыг түлхүү хэрэглэх болсон нь түүний ястай барьцалдах чадвар өндөртэй хобоотой юм. Гэвч ийм гадаргуутай имплант нь ясны эдийн хатингаршлын үед түүн дээр нян бактери наалдаж үржихэд маш таатай орчин болдог байна.

Периимплантит гэсэн онош сонссоны дараа хатагтай Gunnell Лондон орж өөрийн имплантыг суулгасан эмчдээ буцаж очиж имплантын үрэвсэлийн эмчилгээг хийлгэж эхэлсэн гэнэ. “Эмч маань имплантан дээр суулгасан бүрээсийг боолтоор нь салган авч имплант орчимыг сайтар цэвэрлэж өгсөн бөгөөд TePe шүдний сойз, Corsodyl ам зайлагч шингэнээр өглөө оройдоо амаа цэвэрлэж байхыг зөвлөсөн бөгөөд хяналтын үзлэгтээ байнга цаг алдалгүй хамрагдаж байхыг сануулсан” гэж тэрээр хэллээ. Ийм их төлбөр зарцуулан байж хийлгэсэн түүний шүд эрүүл болно гэж найдаж байгаа гэлээ.

Эх сурвалж: http://www.telegraph.co.uk/

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet