Хүн амын насжилт ба имплантын эрэлт хэрэгцээ

GANTUMUR.DDS
3 min readOct 30, 2017

--

Хэвлэлд байгаа баримтуудаас сөхөж харахад шүдгүйдлийн бүх үзүүлэлтүүд нь хүний настай шууд хамааралтай байдаг. Тиймээс хүн амын насжилт нь имплантын салбарын маш чухал хүчин зүйл юм. Македоны Александр хэмээн түүхэнд нэрээ үлдээсэн баатар эр дэлхийг эзэлж байх үедээ 17 настай байсан байна. Сонирхолтой нь тэр үед хүний дундаж наслалт дөнгөж 22 байсан байна.

МЭӨ 1000- МЭ-ий 1800 он хүртэл хүн амын дундаж наслалт 30 гаранхан байжээ. Тэгвэл 1960 оноос хойш хүн амын дундаж наслалт хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч өмнө байгаагүйгээрээ хурдтайгаар өсөн нэмэгдсэн байна. 1980 онд АНУ-ын хүн амын 30% нь 45 наснаас дээш, 21% нь 50 наснаас дээш, 11% нь 65 наснаас дээш байсан бол 1995 он буюу 15 жилийн дараа 60 дээш насныхны эзлэх хувь давамгайлж эхэлсэн байна. 65 дээш настнууд 2000 онд АНУ-ын хүн амын 12%-ийг эзлэж байсан бол ойрын 25 жилийн дотор 20%-д хүрнэ гэж тооцож байна. Энэ нь зөвхөн энэ насны бүлгийн хүмүүсийн хувь ихсэх биш бүх хүн амын тоо адилхан өсөн нэмэгдэнэ гэсэн үг юм.

2000 онд АНУ-ын нийт хүн ам 282 сая байсан бол 2050 онд 420 сая болж өснө. Хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр түүний доторх 65-аас дээш настай хөгшин иргэдийн эзлэх хувь өсөн нэмэгдэх бөгөөд энэ нь өвчтэй хүмүүсийн тоо тэр хэмжээгээр гайхалтай өсөн нэмэгдэхийг харуулж байна.

2003 оны байдлаар АНУ-д 65-аас дээш настай 35 сая иргэн байсан байна. Энэ тоо 2025 он гэхэд 87%-аар өсөн нэмэгдэж 65-аас дээш настай иргэд 70 саяд хүрнэ гэж тооцоолж байна. Үүнийг дагаад ирэх 2 арван жилд имплант шүдэлбэрийн эрэлт хэрэгцээ гайхамшигтайгаар өсөн нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

Иргэдийн тэтгэвэрт гарсаны дараа амьдралын үргэлжлэх хугацаа ч өсөн нэмэгдсээр байна. 1965 онд дундаж наслалт 65 байсан бол 1990 онд 78 болсон байна. 2001 оны байдлаар тамхи татдаггүй, илүүдэл жингүй иргэдийн дундаж наслалт 85 хүрээд байна. 65 настай иргэдийн амьдрах хугацаа 20 жилээр өсөн нэмэгдсэн бол 80 настай иргэдийн амьдралын хугацаа 9,5 жилээр уртсаад байгааг статистикаас харж болно.

70 настай хөгшин хүн “Миний насан дээр 30 000 доллараар амандаа шүд хийлгүүлээд суух нь тийм зохимжтой зүйл гэж үү?” гэж эмчээс асуух нь тийм ч ховор бус тохиолдно. Тэгвэл үүний хариулт маш энгийн. Та ахиад 20 жил хүртэл хугацаанд амьдрах тул энэ хэвээр нь орхивол одоо байгаа амны хөндийн төлөв байдал чинь улам л муудах болно. Иймд амьдралын чанараа дээшлүүлэх үүднээс шүдэлбэр хийлгүүлэх нь зүйд нийцнэ.

Өнөөг хүртэл хөгшдөд үзүүлэх шүдэлбэрийн тусламж үйлчилгээнд, өртөг өндөр бус байх, мэс заслын бус байх гэсэн шаардлагууд тавигдаж ирсэн. Гэтэл хөгшин настай иргэдийн дундах ядуурлын хэмжээ 10 орчим хувь байна. Өнгөрсөн хугацаанд тэтгэвэрийн өсөлт жилд дунджаар 8% байсан байна.

Сүүлийн үеийн судалгаагаар тэтгэвэрийн насныхны дундаж хөрөнгө 35-аас доош настнуудын хөрөнгөнөөс 15 дахин их байгаа бол 35–45 насны “ажилчин гэр бүл”-ийн хөрөнгөнөөс даруй 3 дахин их байна. Тэтгэврийн насныханы 20%-орчим эзлэх хүмүүсийн хөрөнгө 1 сая доллар ба түүнээс дээш гэсэн тооцоо байна. Ийнхүү хүн амын дундах насжилт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор настай хүмүүс хөгшдөд зориулсан шүдний эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний нэр төрөл ч мөн өсөн нэмэгдэж байна. Имплант эмчилгээний хувилбар болох имплант тулгууртай авагддаг шүдэлбэр эмчилгээг хөгшин настай хүмүүс түгээмэл хэрэглэж байна.

1988 онд шүдний эмч нар нийт орлогын зөвхөн 12%-ийг 60-аас дээш насны хөгшин иргэдээс олдог байсан бол 2000 оны байдлаар нийт орлогын 28,8% болж өсөн нэмэгдсэн байна. 1988 онд 40-өөс дээш насныхан нийт орлогын 30,3%-ийг оруулдаг байсан бол 2000 оны байдлаар 64,3% болж өссөн байна. Энэ мэтчилэн хүн амын дундах хүн амзүйн бүтцийн өөрчлөлт нь цаашид шүдний эмчилгээний тусламж үйлчилгээний зах зээлийг ул сууриар нь өөрчлөх чиг хандлага харагдаж байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet