Шүдний сурвалжийн хөндлөн хугарал
Шүдний сурвалжийн хөндлөн хугарал клиникт маш олон янзаар тохиолддог. Чихэгдсэн, цөгцний байрлал өөрчлөгдсөн, сурвалж 2 хэсэг болон бүрэн салсан, салаагүй гэх мэт.
Нийт хөндлөн хугаралтай шүдний 20%-д нь зөөлцийн үхжил үүсдэг бол үлдсэн 80%-д нь зөөлц амьд байдаг. Иймд энэхүү хугаралын тохиолдолд эхний ээлжинд шүдийг хуучих байрлалд нь оруулан бэхэлгээ хийж, 3 сар хүртэл хугацаанд ажиглах хэрэгтэй. Хэрэв энэ хугацаанд шүдний эдэд өөрчлөлт гарах буюу үхжил, үрэвсэл үүссэн тохиолдолд сувгийн эмчилгээ хийнэ.
Сурвалжийн хөндлөн хугарлын үед дараах үндсэн 3 төрлийн эмчилгээг хийж болно.
1. Зөвхөн хугарлын дээд хэсэгт сувгийн эмчилгээ хийж, ломбодон, оройн хэсгийг хэвээр үлдээх (хугарсэн хэсгүүд хоорондоо бүрэн салсан, оройн хэсгийн зөөлц үхжээгүй тохиолдолд)
2. Хугарлын дээд, доод хэсэг аль алинд нь эмчилгээ хийж бүрэн ломбодох (хугарсан хэсгүүд хоорондоо салаагүй, зөөлц үхжсэн тохиолдолд)
3. Хугарлын дээд хэсэгт эмчилгээ хийж ломбодон, оройн хэсгийг мэс заслын аргаар авах (оройн хэсгийн зөөлц үхжиж, цөгцөн хэсгээс салсан тохиолдолд)
Бэлтгэсэн: О.Цэцэн