Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фторын үүрэг

GANTUMUR.DDS
2 min readOct 27, 2017

--

Телевиз радиогоор явж буй рекрам сурталчилгаанаас хүн бүр фтор бол шүдний эрүүл мэндэд зайлшгүй чухал бодис гэдэг мэдээллийг авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээ фтор бол шүдний эрүүл мэндэд зайлшгүй чухал бодис юм. Өнгөрсөн зууны 60-аад оны үеэс Америк болон хөгжингүй орнуудад ундны усыг фторжуулсанаар шүд цоорох өвчний тархалтыг таслан зогсоож чадсан нь АНУ-ын хувьд 20-р зуунд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хүрсэн томоохон амжилтуудын нэгд зүй ёсоор тооцогддог.

Өнөө үед фторыг фторжуулсан ундны ус болон бусад фтор агуулсан эрүүл, ахуй урьдчилан сэргийлэлтийн бүтээгдэхүүнүүдээс авч байна.

Фтор нь амны хөндийд ормогц гидроксиапатиттай урвалд орж фтортапатит үүсгэдэг. Энэхүү фторапатит нь шүдний гадаргууд байснаараа шүдний гадаргууг хүчиллэг орчинд тэсвэртэй болгодог. Мөн фтор нь эрдсийн алдагдлыг шууд зогсоож эрдэсжүүлэх процессийг дэмжиж ажилладаг. Амны хөндийн нянгуудын ялгаруулж буй хорт бодисуудын хоруу чанарыг саармагжуулдаг. Түүнчлэн судалгаагаар нотлогдсоноор бол фтор нь шүдний цоорол үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг өнгөр үүсэх процессийг саатуулдаг.

Фтор нь зөвхөн шүдний цоорлын эрт үед эрдэсгүйжих процессийг саатуулдаг бус томоохон хэмжээний цоорлын үед ч цоорлыг зогсоох үйлчилэлтэй болох нь батлагдаад байна.

Орчин үед шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд фторыг өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд фторт бүтээгдэхүүн хэрэглэх, ундны усыг фторжуулах зэргээр тухайн хүн өөрөө зохицуулан хэрэглэх аль болох хямд төсөр аргуудыг түгээмэл хэрэглэж байна.

Эдгээрээс хамгийн өргөн ашигладаг энгийн арга нь фтортой оогоор шүдээ угаах юм. 1000 ppm нэгж фторын агууламж бүхий шүдний оо нь ямар нэг онцгой хоол хүнсний хэрэглээний хязгаарлалт байхгүй байсан ч цоорлыг 30%-аар бууруулдаг нь тогтоогдсон байдаг. Фтортой оог маш олон төрөлөөр үйлдвэрлэж байгаа ч өнөөг хүртэл брэндийн хувьд яг тэр оо нь тэрнээсээ илүү гэх нотолгоо байхгүй байна. Фтор агуулсан нийт оонууд нь найрлагандаа sodium fluoride (NaF) эсвэл mono-fluorophosphate (MFP) ал нэгийг нь агуулдаг. Фторын агууламжийн хэмжээ нь өөр хоорондоо харилцан адилгүй бөгөөд 200–250 ppm агууламжтайг нь хүүхдийн шүдний оо, 1000–1500 ppm агууламжтайг нь насанд хүрэгчдийн зориулалттай гэдэг бол цооролд өртөх маш өндөр эрсдэлтэй нөхцөлд том хүн болон хүүхдэд ч хэрэглэж болох оог 2500–5000 ppm нэгж фторын агууламжтайгаар үйлдвэрлэдэг.

Фторыг хэрэглэх бусад аргуудад фторт шахмал, гель, лак, бохь, ам зайлагч шингэн зэрэг хамаарна. Фторын өндөр агууламжтай концентрацитай гелийг бол зөвхөн жороор олгохоор заасан байдаг. Ийм төрлийн гелийн фторын агууламж нь 12300ppm хүртэл байх бөгөөд APF (acidulated phosphate fluoride) нэгдлийг агуулдаг. Хяналтгүй өөрөө дур мэдэн хэрэглэх нь хувь хүнд маш өндөр эрсдэлтэй учир заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой.

Фторт лак нь амны хөндийд тогтоц сайн учир эрдэсжүүлэх эмчилгээнд ашиглахад тохиромжтой байдаг. Фторт лак нь 2600 ppm фтор агуулдаг. Фторт эмчилгээг хийх үед насанд хүрэгчдийн хувьд өдөрт 5мг/кг тун нь хоруу чанартайд тооцогддог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Иймд насанд хүрэгчид фторын өндөр агууламжтай оог гэр орондоо эмчилгээний зарчимаар хэрэглэж байх үедээ бага насны хүүхдээс аль болох хол байлгах нь чухал гэдгийг анхаараарай.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet