ЭХ1: Эрүүний хөдөлгөөний тухай ойлголт

GANTUMUR.DDS
2 min readOct 27, 2017

--

Эрүү хоншоор хоорондын харьцааг судлахын өмнө эрүү хоншоорын хооронд хийгддэг зарим нэг хөдөлгөөнүүдийн тухай ойлголттой болох нь зүйтэй. Эрүүний хөдөлгөөн нь эрүү чамархайн үений эргэн тойронд хийгдэх бөгөөд уг эрүү чамархайн үе нь бүх төрлийн хөдөлгөөн хийх чадвартай байдаг. Эрүү хоншоорын харьцаа нь эрүүний хөдөлгөөнөөс хамаарч секунд дутамд өөрчилөгдөж байдаг бөгөөд эрүүний хөдөлгөөн нь дотроо хоёр төрлийн суурь хөдөлгөөн болгож ангилагдна.

Үйл зүйн хөдөлгөөн

Үйлээс гадуурх (Parafunctional) хөдөлгөөн

Эрүүний үйл зүйн хөдөлгөөн нь төрөлхийн шинж чанартай бөгөөд зажилах, ярих, эвшээх зэрэг үйлийн үед хийгддэг хөдөлгөөнүүд юм. Төрөлхийн бус шинж чанартай шүдээ хавирах, мэрэх зэрэг хөдөлгөөнүүдийг үйлээс гадуур буюу Parafunctional хөдөлгөөнд хамааруулна.

Эхлээд эрүүний хөдөлгөөний талаар тодорхой мэдлэгтэй байх нь эрүү хоншоорын үйл зүйн хөдөлгөөнийг бичих ажилбар гүйцэтгэхэд гол хөшүүрэг болно. Ялангуяа бүрэн шүдэлбэр нь өвчтөн болгоны хувьд эрүүний хөдөлгөөний уялдаа холбоог сайтар хангаж өгөхийг шаарддагаараа онцлогтой. Эрүүний хөдөлгөөний тухай онолын төрөл бүрийн концепцүүдийг ялган ойлгоход эрүү чамархайн үений бүтэц үйл зүйг сайтар судалсан байх шаардлагатай.

Эрүү чамархайн үений бүтэц, үйл зүй

Эрүү чамархайн үе нь bilateral diarthroidal synovial hinge joint буюу хоёр талын тэгш хэмтэй нугасан холбоост үений төрөл юм. Үений хоёр талын аль нэг хэсэг нь хэзээ ч бие биенийхээ оролцоогүй тусдаа үйл гүйцэтгэх боломжгүй. Иймд эрүүний төрөл бүрийн хөдөлгөөнийг үүсгэхэд үений хоёр тал хоёул хамтран оролцдог.

Үе нь бусад үенүүдийн нэгэн адил үений капсул болон дискээс тогтно. Чамархайн ясанд байрлах үений хонхорт эрүүний үений толгой (condyle) үелэхүйн гадаргуугаараа холбогдно. Үений хөндий нь үений дискээр дээд болон доод хөндий болон хуваагдна. Ийнхүү хоёр хөндийд хуваагдаж байгаа нь нийлмэл үе (compound joint)-ийг санагдуулна. (Нийлмэл үе гэдэг нь хоёр буюу түүнээс дээш ясны хэсэг өөр хоорондоо үелэхүй үүсгэн холбогдсоныг хэлнэ) Үений диск нь энэ тохиолдолд гуравдагч ясны үүрэг гүйцэтгэж байна. Үений хөндий тус бүр нь хөдөлгөөний үед өөр хоорондоо бие даан үйлд оролцно.

Үе нь хоёр төрлийн хөдөлгөөн хийх бөгөөд эхнийх нь эргэх хөдөлгөөн (hinge movement) нөгөөх нь гулсах хөдөлгөөн (gliding movement) юм. Үений хөндийн дээд хэсэг нь урд ба арагш чиглэлд гулсах хөдөлгөөн хийдэг. Энэхүү гулсах хөдөлгөөн хийгдэх үед үений толгой болон диск нэгэн зэрэг үений хонхорын эсрэг зүгт шилжинэ. Үений хөндийн доод хэсэг нь эргэх хөдөлгөөн хийнэ. Эргэх хөдөлгөөний үед үений толгой үений диск болон үений хонхорын эсрэг зүгт шилжих бөгөөд үений диск болон хонхор нь нэг нэгж болж хөдөлгөөнд оролцоно. Эрүү чамархайн үений бүтэц нь ийнхүү иж бүрдэл учир үйл зүйн болон үйлийн бус бүх төрлийн хөдөлгөөнүүдийг хийх чадамжтай байдаг.

Эрүүний суурь хөдөлгөөн нь шүдтэй болон шүдгүй альч өвчтөнд хоорондоо ижил байна. Бүрэн шүдгүйдлийн үед хоршихуйг сэргээх ажилбар нь энэхүү хөдөлгөөний зүй зохицлыг олох нарийн түвэгтэй ажилбар юм.

Эрүүний хөдөлгөөнийг тодорхойлогч хүчин зүйлс

Эрүүний хөдөлгөөнийг тодорхойлогч хамгийн гол хүчин зүйлст дараах орно.

Condylar guidance

Incisal guidance

Neuromuscular factors

(Үргэлжлэл бий)

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet