Hall technique: Шүд цоорох өвчний эмчилгээний альтернатив хувилбарын эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байна

GANTUMUR.DDS
2 min readNov 1, 2017

--

WHANGANUI, New Zealand: Шинэ Зеландын Whanganui дүүргийн хүүхдүүдийн шүд цоорох өвчний өндөр хэмжээний тархалтыг бууруулах зорилгоор аюулгүй, үр дүн сайтай, илүү түргэн хугацааны эмчилгээний аргачлал боловсруулах хүрээнд хийгдсэн шүд цоорох өвчний альтернатив эмчилгээний хувилбар болох Hall technique-ийн гурван жилийн хугацаатай судалгааны ажлын үр дүн гарах дөхөж байна. Уг судалгаа нь 2015 оны 12-р сараас өнөөг хүртэл үргэлжилж байгаа ч өнөөг хүртэл хийгдсэн эмчилгээний үр дүн сайн байна гэж судлаачид үзэж байна.

Hall technique аргачлалын хувьд цооролд өртсөн шүдний зөөлөрсөн эдийг мэдээ алдуулалтын дор ухаж авахын оронд хөндийг цементээр дүүргэж шүдийг гадуур нь метал бүрээсээр нааж явуулдаг. Энэхүү метал бүрээс нь хүүхдийн сүүн шүдийг унах хүртэл шүдэн дээр байж унахад нь хамт унадаг. Энэхүү аргачлалыг 1991 онд Шотландын шүдний эмч Norna Hall боловсруулсан бөгөөд тэрээр энэ аргачлалаа тэтгэвэртээ гарах хүртлээ 15 жилийн турш ашигласан байдаг.

Хэдийгээр энэхүү аргачлал нь гарсан цагаасаа шүдний эмч мэргэжилтнүүдийн сонирхолыг татсан ч гэсэн өнөөг хүртэл түүний талаар сөрөг ойлголт байсаар л байна. Зарим эмч нар ийнхүү шүдийг нянгийн халдвараас цэвэрлэлгүй орхих нь буруу гэж яагаад үздэг талаар Отаго Их Сургуулийн Амны хөндийн эрүүл мэндийн салбарын судлаач Foster Page тайлбарлалаа. Тэгвэл энэ удаагийн эмнэлзүйн судалгаа нь Hall technique-ийг шүд цоорлын эмчилгээний альтернатив хувилбар байдлаар ашиглах боломжтой эсэхийг шалгаж турших зорилгоор хийгдсэн байна.

Hall technique-ийн уламжлалт эмчилгээний аргачлалаас давуу талын талаар Whanganui дүүргийн шүдний терапист Megan Thiele, New Zealand Herald сонинд өгсөн ярилцлагандаа энэ эмчилгээг хийхэд мэдээ алдуулагч шаардлагагүй, хагас цаг гаран хүүхэдтэй зууралдахын оронд ердөө 10 минут зарцуулдаг тул хүүхдэд өвдөлт, зовиур бага мэдрүүлэх бөгөөд эмчилгээг дахин хийх шаардлагагүй гэсэн байна. Эмчилгээний зарим нэг сөрөг талын нэг нь түүний үнэ өртөг бөгөөд бүрээсний өртөг нь 6 Евротой тэнцүү бол уламжлалт эмчилгээний өртөг 0.5–1.2 Евро орчимд байна.

Whanganui дүүрэг нь 5 настай хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 43.1 хувь гэдгээр Шинэ Зеланд улсын хэмжээнд хамгийн өндөр тархалттай бүсэд тооцогдож байгаа тул шүд цорох өвчний эмчилгээний альтернатив хувилбарыг туршихаар ийнхүү сонгогдсон байна. Энэхүү судалгаанд 3–8 насны 350 орчим хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдүүдийн тал хувийг уламжлалт эмчилгээний аргаар эмчилсэн бол нөгөө тал хувьд нь Hall technique ашигласан байна.

Өнөөг хүртэл хугацаанд хийгдсэн эмчилгээний үр дүн сайн байна гэж Foster Page судлаач үзэж байна. Энэ оны 12-р сард хоёр жилийн судалгааны үр дүнг нийтэд танилцуулах бөгөөд аль эмчилгээний аргачлал нь илүү болох талаар дэлгэн үзүүлэх гэнэ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet