Magnification in Dentistry: Эргономикийн давуу тал эрүүл мэндэд нөлөөлөх нь

GANTUMUR.DDS
4 min readApr 12, 2018

--

Амны хөндийг бүтнээр нь томруулж харна гэдэг нь шүдний эмчилгээний салбарт ямагт тулгамдсан асуудал хэвээр байна. Нэлээд дээр үед энэ асуудлыг шийдвэрлэхэд шүдний өрмийн бариулд оптик гэрэлтүүлэг байрлуулж байсан бол өнөө үед энэ асуудал илүү боловсронгуй ахисан дээд түвшинд хүрээд байгааг та бүхэн төрөл бүрийн мэдээллээс харах боломжтой. Орчин үед үзлэгийн орчныг томруулж харж чаддаг болсон нь шүдний эмчилгээний бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй эмчилгээндээ илүү итгэл төгс байх боломжийг мөн бүрдүүлээд байна. Үзлэгийн орчныг томруулан харах нь эргономик талаасаа давуу талтай нь олон нийтээр хүлээн зөвшөөрөгдөөд байгаа тул энэ чиглэлд хөрөнгө оруулах хүмүүсийн тоо ч өсөн нэмэгдсээр байгаа гэнэ. Шүдний сургуулийн оюутнууд оюутан цагаасаа томруулдаг дуран зүүж үзэж, тухайн дуран нь ердийн хамгаалах шилнээс эргономикийн хувьд ямар давуу талтай болохыг мэдэж авдаг болсон байна.

Шүдний эмч нар нийт ажлын цагийн 70 гаран хувьд толгойгоо 20 градусаар урагш налуу байлгах нь хүзүүний өвдөлт үүсгэх хангалттай нөхцөл байдал юм. Гэтэл ихэнх эмч нар ажлын цагийн 85-аас дээш хувьд толгойгоо 30 градусаас илүү налуу өнцөгөөр тонгойлгож байдаг. Иймдээ ч шүдний эмч нарын 70 гаран хувьд хүзүү, нурууны өвдөлт тархмал байдаг нь санамсаргүй зүйл биш юм.

Үзлэгийн томруулдаг дуран ашиглаагүй үед хүзүү ба нурууны байрлал бүр илүү урагш тонгойж тэнцвэргүй байрлалд очино. Ийм тэнцвэргүй байрлалд зоо нуруу нугалмаа хангалттай тулж өгч чадахгүй тул энэ байдлыг тэнцвэржүүлэх үүргийг мөрний булчин авсанаар булчин амархан цуцах шалтгаан болно. Мөрний булчингийн зэрэгцээгээр толгойг тэнцвэржүүлэхэд мөн бусад булчингууд ч оролцоно. Ийнхүү булчингууд илүү ачаалал аван ажилласнаар булчингийн чангарал, өвдөлт үүсдэг. Үүнийг шүдний эмч нарын дунд өргөн тархсан tension neck syndrome (TNS) гэдгээр нь илүү мэднэ. TNS-ийн улмаас толгой өвдөх, хүзүү нуруу хөших, улмаар гарлуу дамжиж өвдөх өвдөлт үүсдэг байна.

Томруулах камер

Тэгвэл энэ тохиолдолд зөв тохиргоотой үзлэгийн томруулдаг дуранг ашигласнаар дурангийн фокусыг татаж томруулах замаар толгойн байрлалыг зүй зохистой хэмжээнд хадгалах боломжтой болно. Дурангийн хүчин чадлаас хамаараад үзлэгийн дуран ашиглаж байгаа үед толгой 0–25 градусын тонгойлт хийнэ.

Өнөө үед зах зээл дээр худалдаалагдаж буй үзлэгийн зориулалтын 3 төрлийн томруулдаг төхөөрөмж байгаа нь : үзлэгийн орчныг томруулаж харах камер, мэс заслын микроскопи, үзлэгийн дуран юм.

Томруулах камер

Энэ төхөөрөмжийг ашигласнаар эргономикийн маш том давуу талыг нь мэдэрнэ. Өвчтөний амны дээрээс камер байрлуулж аман доторх зүйлсийг үзлэгийн дэлгэц дээр харах тул амруу шагайх гэж тонгойж бөхийх шаардлагагүй.

Мэс заслын микроскопи

Микроскопи

Микроскопи ашиглах нь толгойг бараг эгц босоо байрлалд барих боломжтой болно.

Үзлэгийн дуран

Шүдний эмчилгээний салбарт өнөө үед хамгийн өргөн ашиглагдаж байгаа томруулах төхөөрөмж нь үзлэгийн дуран юм. Үзлэгийн дуран ашигласнаар эмчилгээний явцад толгойг бөхийлгөх шаардлага багасч эмчийн мөр нурууны булчинд ирэх ачаалал багасна. Хүчин чадал сайтай дуран ашиглаж байгаа үед толгойн байрлал урагшаа 25 градусаас илүү бөхийх шаардлагагүй.

Үзлэгийн томруулах төхөөрөмж ашиглаж байгаа үед гэрлийн тусгал зөв байх нь маш чухал. Хэрэв гэрлийн тусгал буруу бол үзлэгийн явцад харагдах талбайг сайжруулахын тулд төлөвлөж байснаас илүү бөхийх шаардлага гарч болзошгүй. Иймд University of British Columbia-ын мэргэжилтэн Dr. Lance Rucker гэрлийн тусгал эмчийн харах шугамтай параллель эсвэл 15 гардусаас дотогш өнцөгөөр тусгах хэрэгтэйг зөвлөсөн байна.

Ном зүй

1. Spear FM. One clinician’s journey through the use of magnification in dentistry. Advanced Esthetics and Interdisciplinary Dentistry. 2006; 2:30–32.

2. Branson BG, Bray KK, Gadbury-Amyot C, et al. Effect of magnification lenses on student operator posture. J Dent Educ. 2004;68:384–389.

3. Ariens GA, Bongers PM, Douwes M, et al. Are neck flexion, neck rotation, and sitting at work risk factors for neck pain? Results of a prospective cohort study. Occup Environ Med. 2001; 58:200–207.

4. Marklin RW, Cherney K. Working postures of dentists and dental hygienists. J Calif Dent Assoc. 2005; 33:133–136.

5. Lehto TU, Helenius HY, Alaranta HT. Musculo­skeletal symptoms of dentists assessed by a multidisciplinary approach. Community Dent Oral Epidemiol. 1991;19:38–44.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet