Periotome-ын хүчийг ашиглан шүд авах ажилбарыг хөнгөвчлөх нь

GANTUMUR.DDS
4 min readApr 12, 2018

--

Өмнөтгөл

Шүд авалт гэдэг нь цаг хугацаа шаарддаг, эмч өвчтөн хоёуланд нь сэтгэл түгшээсэн хэцүү ажилбар юм. Уламжлалт шүд авах аргачлалын хувьд шүдийг шууд бахиар сугалж авахаас өмнө төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй элеватор ашиглан ормонд нь ганхуулдаг. Элеваторын үзүүр хэсэг шүдний оромны дисталь эсвэл медиаль талд хангалттай гүнд сууснаар хөших хүчээр үйлчлэх боломжтой болно. Харин шүдийг бахиар сугалах үед хацар хэлэн чиглэлд дарж ганхуулдаг нь хүчний хувьд элеватор ашиглахын эсрэг чиглэлд үйлчилнэ.

Одоогоос 25 жилийн өмнө уламжлалт элеваторуудын зарим нэг дутагдалтай талыг нөхөх зорилгоор Periotome-ийг нэвтрүүлсэн байдаг. Энэ зэмсэг нь элеватортой харьцуулахад нарийн төдийгүй үзүүр хэсэг хошуу нь илүү нимгэн байх тул шүдний холбоос эдийн завсарт гүн шигдэж шүдэнд босоо тууш тэнхлэгийн дагуу даралт учруулах боломжтой болсон байна. Periotome-ийн хошуу нь 3 төрлийн орон зайд ажилбар гүйцэтгэхээр бүтээгдсэн байх тул амны хөндийн аль ч хэсэгт ашиглах боломжтой. Periotome нь шүдний холбоос эдэд даралт учруулах замаар шүдийг сурвалжийн орой чиглэлээс ховхлох хөдөлгөөнд оруулна. Энэ нь олон удаагийн давтамжтайгаар хийгдэх тул шүдний холбоос эдүүд суларч шүд хангалттай хөдөлсөн байна. Үүний дараа элеватор эсвэл бахь ашиглан шүдийг оромноос нь сугалж авна. Periotome хэрэглэхдээ нэг анхаарах зүйл нь түүнийг элеватор шиг ашиглан шүдний суралжийг хөших гэж оролдвол зэмсгийн үзүүр нимгэн тул хугарч гэмтэх аюултай.

Зураг 1

Хүч нэмэгдүүлсэн Periotome ашиглах нь ажилбарыг илүү сайжруулна

Шүд авах ажилбарын үр дүнг илүү сайжруулах зорилгоор Luxator LX (Directa Dental)-г бүтээсэн байна. Энэ нь уламжлалт “E” connector-оор шүдний эмчилгээний handpiece-д холбогдох бөгөөд уламжлалт гар ажилбарын Periotome-оос ялгаатай нь Luxator LX-ын хошуу нь чөлөөтэй тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ. Зэмсгийн хошуу нь self-directing тул шүдний холбоосын завсар өөрөө гулсаж орох ба заавал буцааж сугалж авалгүйгээр шүдний эргэн тойронд шилжинэ. (Зураг 2) Зэмсэгийг ашиглаж эхлэх үед лугших хөдөлгөөн үүсгэн шүдний эргэн тойронд босоо чиглэлд шилжин хөдөлнө. Энэ зэмсгийг элеваторын адил шүдийг хөших байдлаар ашиглаж болохгүй. Хэрэв хөшилт хийх юм бол Luxator LX periotome-ийн хошуу гэмтэхийн зэрэгцээгээр түүшин яс гэмтэх аюултай. Зэмсэгийн хошуу нь гадуураа titanium-nitride бүрхүүлтэй тул энэ нь илүү эдэлгээ сайн байх нөхцлийг бүрдүүлнэ.

Зураг 2

Luxator LX-ын ажилбарт тохиромжтой хурд нь 4000 эрг/мин бөгөөд зарим судлаачид зэмсэгийг ашиглахдаа эхлээд бага хурдаар эхлэж холбоосын завсар бага зэргийн даралтаар хурдыг нь нэмэхийг зөвлөсөн байдаг. Хурдыг 4000-аас илүү болголоо гээд шүдийг амархан авна гэсэн үг биш ба харин ч өвчтөнд таагүй хэт их чичирхийлэл үүсгэнэ гэдгийг анхаар. Үүний зэрэгцээгээр зэмсэгээ эвдэх шалтгаан ч болж болно.

Зураг 3

Төгсгөлд нь

Шүд авах гэдэг нь хэрэв үнэхээр сайн арга техник ашиглах юм бол эмч өвчтөн аль алинд нь зовиургүй ажилбар байх боломжтой. Хэрэв энэ ажилбарыг эмчийн зүгээс үл тоомсорлон, муйхраар ажиллах юм бол шүд авахдаа илүү их хүндрэл үүсгэж түүнээс шалтгаалсан цаг хугацаа их алдана.

Шүд авахад хамгийн чухал зүйл нь шүдний холбоос эдийг суллаж шүдийг хөдөлгөөнд оруулж ганхуулах асуудал бөгөөд ингэсэн тохиолдолд шүд өөрөө аяндаа сугарч гарч ирнэ. Luxator LX хүч нэмэгдүүлсэн periotome нь уламжлалт гар ажилбарын Periotome-оос илүү хялбар аргаар шүдийг ормонд нь ганхуулах боломж олгоно.

Ном зүй

  1. Malden N. Surgical forceps techniques. Dent Update. 2001;28:41–44.
  2. Krekmanov L. Extraction with an elevator [in Swedish]. Tandlakartidningen. 1974;66:1365–1370.
  3. Fries R, Platz H. Use of the elevator in tooth extractions [in German]. Osterr Z Stomatol. 1974;71:334–339.
  4. Thomson PJ. Minimising trauma in dental extractions: the use of the periotome. Br Dent J. 1992;172:179.
  5. Sharma SD, Vidya B, Alexander M, et al. Periotome as an aid to atraumatic extraction: a comparative double blind randomized controlled trial. J Maxillofac Oral Surg. 2015;14:611–615.
  6. Kaijin H, Yongfeng L. Application of micro-power system in the surgery of tooth extraction [in Chinese]. Hua Xi Kou Qiang Yi Xue Za Zhi. 2015;33:1–5.
  7. Levitt D. Atraumatic extraction and root retrieval using the periotome: a precursor to immediate placement of dental implants. Dent Today. 2001;20:53–57.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet