Surgical endodontics буюу эндодонтын мэс ажилбар гүйцэтгэх заалт, эсрэг заалт, мэс заслын техник
Surgical endodontics буюу эндодонтын мэс заслыг уламжлалт эндодонтын эмчилгээнээс шалтгаалсан алдааг залруулах зорилгоор ихэвчлэн ашигладаг. Эндодонтын эмчилгээний алдаа нь ихэнхдээ сурвалжийг өргөсгөх, ломбодох явцад буруу техник ашиглах, цөгцийг шаардлага хангахуйц хэмжээнд сэргээж өгөөгүйтэй холбоотой. Ном ёсоороо бол эмчилгээний алдааг илрүүлсэн бол эндодонтын эмчилгээг дахин хийх ёстой. Уламжлалт аргаар хийгдэх эндодонтын эмчилгээ нь зөв, зүй зохистой гүйцэтгэх юм бол урт удаан хугацааны амжилтыг үзүүлдэг.
Заалт
Шүдний сурвалжийн орой орчмын үрэвсэл илэрсэн бөгөөд түүнийг уламжлалт аргаар арилгах боломжгүй бол
Уламжлалт аргаар сурвалжийн сувгийн оройд хангалттай хэмжээний битүүмжлэл үүсгэж чадахгүй болох нь тодорхой бол
Эсрэг заалт
Биеийн эрхтэн тогтолцоог хамарсан хүнд хэлбэрийн өвчтэй бол
Шүд эмчилгээ авах эсэх нь эргэлзээтэй тавилан муутай бол
Анатомийн бүтцийн хувьд эрсдэлтэй бол
Шинжилгээ хийх
Өвчний илрэл болон даамжирсан байдлыг зөв үнэлж цэгнэх нь маш чухал. Үүний тулд өвчтөнөөс асуумжийн арга болон бодит үзлэгийн аргыг хослуулан ашиглах хэрэгтэй. Халдварын голомт (тунгалгийн булчирхай, ам ангайлт, хаван хавдар, өвчин эмзэглэл, дайвар хөндийн үрэвсэл) байгаа эсэхийг шалгана. Шүдний тавиланг урт хугацаанд тодорхойлохын тулд шүд цоорох өвчин, шүдний холбоос эдийн байдал, хоршихуйн төлөв байдал, шүдэнд хийгдсэн ломбо, нөхөн сэргээлт зэргийн төлөв байдлыг үнэлэх ёстой. Рентген зургийн оношлогоон дээр тулгуурлан шүдний сурвалжийн орой орчмын байдлыг шалгана. Сурвалжийн орой орчмын рентген зургаар шүдний сурвалжийн оройгоос 3 мм дотор зайтай орших эдүүдийн төлөв байдлыг үнэлнэ. Харин дэлгэмэл рентген зураг болон CBCT оношлогоог ашиглан шүдний орчмын анатомын бүтцүүдийг илүү өргөн хүрээг хамруулан шинжлэх боломжтой.
Мэс заслын өмнөх үе шат
Мэс заслыг амжилттай гүйцэтгэхэд мэс засал гүйцэтгэх шүдний эмчийн ур чадвар, туршлага чухлаас гадна үзлэгийн өрөөнд эндодонтын мэс засал гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, эм, багаж материалууд байх нь чухал. Мэс засал эхлэхийн өмнө мэс заслын эрсдэл болон ашиг тус, эмчилгээний бусад аргуудын талаар танилцуулсан таниулсан зөвшөөрөл заавал авах хэрэгтэй.
Мэс заслын техник
Мэс заслын өмнө өвчтөнд стеройд бус үрэвсэлийн эсрэг эм (NSAIDs) уулгах, амыг хлоргексадинээр зайлах хэрэгтэй. Мэс засал гүйцэтгэхдээ орчны эдийг томруулан харах мэс заслын дуран эсвэл зориулалтын operating microscope ашиглах хэрэгтэй. Мэс засал хийх талбайд хангалттай хэмжээнд хэсгийн мэдээ алдуулалт хийх.
Мэс заслын зүслэг хийх далбан гаргах
Ал хэсэгт нэвтрэхээс шалтгаалан мэс заслын далбангийн хэлбэр нь хоорондоо харилцан ялгаатай байна. (Зураг 85.1–85.5) Гэхдээ энд анхаарах зүйл нь мэс заслын далбан нь хагалааны хэсэгт хангалттай нэвтрэх боломж олгох төдийгүй орчны ясны эдэд тулгуурласан ирмэгтэй байх ёстой. Мэс заслын далбанг гэмтээхгүйгээр ажиллах гэмтэхээс хамгаалах нь чухал.
Ясыг өрөмдөх
Ихэнх тохиолдлуудад далбанг нээж харахад ясны эд нь үрэвслийн улмаас шимэгдсэн болох нь тодорхой харагддаг. Үүний улмаас сурвалжийн орой орчим яснаас ил гарсан байх нь бий. (Зураг 85.6) Хэрэв сурвалжийн орой яснаас цухуйж ил гараагүй бол мэс заслын өрөм болон ультрасоник хошуу ашиглан усан (физиологийн уусмал) хөргөлтийн дор тэр хэсгийг өрөмдөнө. Өрөмдөхдөө шүдний сурвалжийн оройг хангалттай хэмжээнд ил гаргах болон зөөлөрсөн ясны эдийг бүрэн авах гэсэн зарчим баримтална. (Зураг 85.7)
Үрэвссэн эдийг хусаж авах
Эхлээд шүдний сурвалжийн орой орчмын үрэвссэн эдүүдийг хусаж цэвэрлэнэ. Гэхдээ шүдний сурвалжийн орой орчмыг тайрч авахгүйгээр иж бүрэн цэвэрлэгээ хийсэн гэж үзэх боломжгүй. Сурвалжийн оройг тайрах ажилбарыг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй бөгөөд шүдний эргэн тойрны амьд эдүүд, бүтцүүдийг гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй. Үүний явцад шаардлагатай бол эдийн дээж авч эмгэг судлалын лабораторид илгээнэ.
Сурвалжийн оройг тайрах Apicectomy ажилбар гүйцэтгэх
Энэ ажилбарыг зүсэгч бор болон ультрасоник хошуу ашиглан сурвалжийн сувгийн оройгоос 3 мм зайд шүдний гол тэнхлэгтэй 900-ын өнцөгөөр зүсч тайрна. (Зураг 85.8) Apicectomy ажилбар нь үрэвссэн эдүүдийг хусч арилгах болон анатомын зарим таагүй бүтцүүдийг арилгахад тус дөхөм болно.
Сурвалжийн сувгийн төгсгөл хэсгийн хөндийг хэлбэржүүлэх
Сувгийн орой орчмын хэлбэржүүлэлтийг шүдний гол тэнхлэгийн дагуу 3 мм хүртэл гүнд гүйцэтгэнэ. (Зураг 85.9) Уламжлалт аргаар бол сурвалжийн орой орчмын хэлбэржүүлэлтэнд жижиг хэмжээтэй бор болон жижиг толгойтой өрмийн бариул ашигладаг. Гэвч өнөө үед энэ ажилбарт ультрасоник хошуу ашиглах босоноор ажилбарын гүйцэтгэл илүү хялбар болж сайжирсан.
Сурвалжийн сувгийн оройг ломбодох
Өнөө үед mineral trioxide aggregate буюу MTA нь сурвалжийн оройг гаднаас нь ломбодоход ашигладаг хамгийн түгээмэл материал болоод байна. Мөн энэ зорилгоор цинк оксид эвгенол, ethoxy benzoic acid (super EBA) болон glass ionomer материалуудыг ашиглаж болно. Сурвалжийн сувгийг гаднаас нь ломбодохын тулд хөвөн бөмбөлөг болон цус тогтоогч бодисууд ашиглан тэр хэсэгт хуурай орчин бүрдүүлэх нь чухал. Сурвалжийн оройг ломбодох материал нь сурвалжийн сувгийн орой орчимд илүүдэл материал үлдэхгүйгээр маш сайн савлаж битүүмжлэгдсэн байх ёстой. Сувгийн оройг ломбодсоны дараа далбанг хаахаас өмнө рентген зураг авч ломбодсон байдал болон материалын илүүдэл сувгийн гадна үлдсэн эсэхийг шалгах нь чухал. Үүний дараа зүслэгийн далбанг хааж мэс заслын өөрөө хайлдаг утсаар оёдол тавина.
Мэс заслын дараах үе шат
Энэ үе шатанд хамгийн гол асуудал нь өвчин эмзэглэл ба хаван, хавдар үүсэх. NSAIDs төрлийн үрэвсэлийн болон өвчин намдаах эм өгч, мэс заслын дараах 6 цагийн дотор мөстэй жин тэр хэсэгтээ тавихыг зөвлөнө. Амны эрүүл ахуйг сахихын тулд хлоргексадин ам зайлагч ашиглах нь чухал. Харин антибиотик өгөх эсэхийг тухайн мэс заслын нөхцөл байдлаас шалтгаалан эмч зөвлөнө.
Хяналт
Эхний удаагийн хяналтын үзлэг нь шархны эдгэрэлтийг хянах зорилгоор хийгдэнэ. Үүний дараа тодорхой хугацааны давтамжтайгаар хяналт хийж сурвалжийн орой орчмын байдлыг рентген зураг авч үнэлнэ.