Tooth preparation 2: Шүд засах явцад зөөлцөд гэмтэл учруулах шалтгаан
1.Температур буюу дулааны нөлөө
Шүд засалтын явцад шүдний гадаргуу болон зорогч төхөөрөмжийн хооронд үрэлтийн улмаас халалт үүсч нэлээд өндөр хэмжээний дулаан ялгардаг. Ажилбар гүйцэтгэхдээ хэт их дарах, өрмийн эргэлтийн хурд, өрмийн төрөл, өрмийн хэлбэр зэргээс шалтгаалж дулаан ялгаралт ихэсдэг. Өндөр хурдны өрмийн бариул ашиглан хөнгөн даралттайгаар ажилбар гүйцэтгэх нь шүдний гадаргууг хэт халалт үүсгэхгүйгээр үр дүнтэйгээр зорох гол нөхцөл нь юм. Гэвч хэдийгээр хөнгөн даралттайгаар өндөр хурдаар ажилбар гүйцэтгэж буй хэдий ч усан хөргөлтгүйгээр ажиллавал халалт үүснэ гэдгийг мартаж болохгүй. Иймд усан хөргүүрийн чиглэлийг шүдний гадаргуу болон өрмийн хоорондын шүргэлцах талбайд яг таарахаар нягт нямбай тохируулах хэрэгтэй. Усан хөргүүр нь мөн шүдний гадаргууг зорсоны улмаас үүсэх жижиг үртэс, үйрмэгийг зайлуулж зорох ажилбарын гүйцэтгэлийг сайжруулах төдийгүй тугалмайн гадаргууг норгож шүдний зөөлцийн цочирлын шалтгаан болдог тугалмай эдийг хатахаас сэргийлж өгнө.
Шүдний гадаргуугийн зоргодос, үртэс ялгаралт нь тухайн ажилбарыг гүйцэтгэж буй өрмийн хэлбэрээс шалтгаалдаг. Shoulder болон chamfer хэлбэр гаргах зориулалттай алмазан бор нь бусдаасаа харьцангуй бага үртэс гаргадаг.
Хэрэв хэлэн талын маржин хэлбэржүүлэх явцад усан хөргөлт нь үзэгдэх орчныг хязгаарлаж байвал түүнээс сэргийлэх үүднээс бага хурдтай өрмийн бариул болон гар багаж ашиглаж болно. Харин дан ганц агаарын хөргөлттэй өндөр хурдны өрөм ашиглах нь аюултай. Учир нь агаарын хөргөлттэй өндөр хурдны өрөм нь шүдний гадаргууд маш хурдан хугацаанд хэт халалт үүсгэж шүдний зөөлцийг цочроодог.
Хэрэв тухайн шүдэнд тусгай ховил буюу нүхэн тогтоогуур гаргаж өрөмдөх шаардлагатай бол халалтаас сэргийлэхийн тулд өөр аргачлал баримтлах нь чухал. Учир нь энэ тохиолдолд усан хөргөлт өрмийн ирэнд хүрч хөргөж чаддаггүй. Иймд халалтаас сэргийлэхийн тулд өрмийн эргэлтийн хурдыг бага дээр тавьж ажиллах нь чухал.
2.Химийн бодисын нөлөө
Зарим нэг шүдний материалд агуулагдах химийн бодисууд нь (хуванцарын суурь, зарим төрлийн хуванцар ломбоны материал, химийн гаралтай уусмалууд, зарим төрлийн цавуунууд) тугалмайн эдийг зорсон даруйд шүдний гадаргууд тавьбал шүдний зөөлцийг цочроож болзошгүй. Cavity varnish болон dentin bonding agents зэрэг нь эдгээрээс сэргийлэх хамгийн үр дүнтэй аргууд боловч хэрэв шүдэлбэрийг цементээр тогтоох бол эдгээр хамгаалалтыг хийх нь эсрэг заалттай.
Химийн зарим төрлийн бодисуудыг зарим үед шүд зассаны дараа цэвэрлэх, шүдний гадаргуу дахь тослог бүрхэвчийг арилгах зорилгоор ашигладаг. Гэвч эдгээр нь шүдний зөөлцийг цочроох нэг шалтгаан нь болдог төдийгүй хэрэв шүдэлбэрийг цементээр тогтоох бол эдгээр үйлдлүүд нь цементийн тогтоолтыг сайжруулах ямарч үр нөлөөгүй учир ашиглах шаардлагагүй гэж үздэг.
3.Нян бактерийн үр нөлөө
Шүд засалтын явцад болон дараа нь microleakage-ийн улмаас шүдний зөөлцөд тугалмайн сувгаар дамжин нян бактерийн халдвар дамжих боломжтой гэж үздэг. Иймд шүдэлбэрийн тогтоогуураар хамгийн их ашиглагддаг zinc phosphate cement-ийг оролцуулаад ихэнх шүдний материалууд бактерийн эсрэг үйлчилэлтэй байдаг. Гэвч амьд тугалмай нь өөрөө нянгийн эсрэг хамгаалалттай байдаг тул заавал нянгийн эсрэг үйлчлэлтэй материал ашиглах шаардлаггүй гэж үзэх нь ч бий. Хэдийгээр маш олон шүдний эмч шүд зассаны дараа нянгийн эсрэг үйлчлэлтэй бодис тухайлбал chlorhexidine gluconate уусмалыг ашигладаг ч эмнэлзүйн туршилт судалгаагаар түүний үр дүн тогтоогдоогүй байна.
Иймд нян бактерийн халдвараас сэргийлэх хамгийн чухал хүчин зүйл нь шүдэлбэрийг тогтоохын өмнө шүд цоорох өвчинд нэрвэгдсэн тугалмайн эдийг сайтар цэвэрлэх явдал юм. Шүдний зөөлцийг хамгаалах үүднээс шууд бусаар зөөлцийн гадуур нэмэлт хамгаалалт жийргэвч (indirect pulp cap) хийх шаардлагагүй бөгөөд ингэсэн тохиолдолд энэхүү жийргэвч нь хэзээ нэгэн цагт эвдэрч гэмтсэний улмаас илүү их түвэг удсан согог заслын эмчилгээ хийх шаардлага гардаг.