Tooth preparation I: Шүд засах ажилбарыг гүйцэтгэхэд харгалзаж үзэх хүчин зүйлсүүд

GANTUMUR.DDS
2 min readDec 17, 2017

--

Шүдний хатуу эдүүд нь биеийн бусад эдүүдийн адил өөрийгөө нөхөн сэргээж чаддаггүй. Иймд шүдний паалан болон тугалмайн эдүүд шүд цоорох өвчин, гэмтэл бэртэл, элэгдлийн улмаас бүтцийн бүрэн бүтэн байдлаа алдсан тохиолдолд түүний бүтцийг заавал хиймэл аргаар нөхөн сэргээж үйл ажиллагаанд оруулах шаардлага тулгардаг.

Үүний тулд шүдний гадаргууг зорж засах ажилбарыг гүйцэтгэх бөгөөд энэ нь тодорхой шалгууруудад үндэслэсэн ерөнхий зарчмуудтай тул түүнийг хэр сайн баримталж ажилбарыг гүйцэтгэх нь түүн дээр суулгах шүдэлбэр хэр зэрэг амжилттай болох үндэс суурь нь болж өгдөг. Иймд шүд засах ажилбарыг гүйцэтгэж байхдаа хэсэг бүрт ялгаваргүй анхаарлаа дээд зэргээр хандуулж байх шаардлагатай. Шүд засах ажилбарыг амжилттай гүйцэтгэх нь түүний дараа хийгдэх дараалсан ажилбаруудыг (хэв эвэх, загвар цутгах, загваржуулах г.м) амжилттай болохын баталгаа болж өгнө.

Шүд засахад зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай асуудлуудыг ерөнхийд нь 3 ангилна.

Биологийн асуудлууд. Эдгээр нь амны хөндийн эдүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдалд нөлөөлөл учруулна

Механикийн асуудлууд. Эдгээр нь шүдэлбэрийн иж бүрэн байдал болон эдэлгээний явцад нөлөөлнө.

Гоо сайхны асуудлууд. Эдгээр нь өвчтөний нүүрний гадаад үзэмжид нөлөөлнө.

Шүд засах ажилбарыг амжилттай гүйцэтгэх, шүд зассаны дараа хийгдэх бусад ажилбарууд нь амжилттай байх нь дээрх гурван хүчин зүйлсийг хэр зөв тусгаснаас шууд шалтгаална. Эдгээр гурван хүчин зүйлсийг тэнцүүхэн бус аль нэгийг нь хэтийдүүлэн авч үзвэл бусаддаа сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал метал шаазан бүрээс хийх асуудал дээр шаазан хангалттай зузаан байх нь шүдэлбэр амьд мэт харагдахад зайлшгүй чухал хүчин зүйл юм. Гэтэл шаазанд хангалттай зузаан зай гаргахын тулд шүдний хатуу эдээс их өөлөх шаардлагатай болох бөгөөд энэ нь шүдний хөндийд байрлах зөөлцийг цочроох улмаар үрэвсүүлэх шалтгаан болно. Иймд өөрийн шүд засах ур чадварыг сайжруулахад шүд засахад шаардлагатай бусад шалгуур үзүүлэлтүүдийн талаар хангалттай мэдлэгтэй байх хэрэгтэй. Шүд засах ажилбарын гүйцэтгэлийг дээд зэргээр хийхэд шүд засахад биологийн, механикийн, гоо сайхны хүчин зүйлсийн хоорондын уялдаа хамаарлыг хэр сайн тооцож гүйцэтгэснээс бүх зүйл хамаарна.

Шүд засах ажилбарыг гүйцэтгэхэд харгалзаж үзэх биологийн асуудлууд

Амьд эд дээр гүйцэтгэгдэх мэс заслын ажилбар нь орчны эдийг гэмтээхээс сэргийлж анхаарал болгоомжтой ажиллахыг шаардна. Шүд засах ажилбарын үед хөрш шүд, шүд орчмын зөөлөн эд, шүдний зөөлц амархан гэмтэх аюултай байдаг. Шүд засах ажилбарыг зөв гүйцэтгээгээгүй бол бүрээсний ирмэгийн таарамж муу болж энэ нь тухайн хэсэгт нян бактери хуримтлагдах шалтгаан болсоноор бүүр илүү муу үр дагаварт хүргэж болзошгүй.

/Үргэлжлэл бий/

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet