Австралийн Ерөнхий сайдын нэрэмжит Инновацийн шагналыг Шүдний эмч гардан авлаа

GANTUMUR.DDS
2 min readNov 2, 2017

--

MELBOURNE, Australia: Австрали улсын Мельбурны Их Сургуулийн молекул биологич профессор Eric Reynolds шүдний эмчилгээний салбарт хийсэн судалгааныхаа төлөө Австралийн Ерөнхий сайдын нэрэмжит Шилдэг Инновацийн шагналыг гардан авлаа. Одоогоос 30 жилийн өмнө тэрээр залуу судлаач байхдаа үхрийн сүүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь хүний шүдийг бат бэх болгодог болох нээлтийг хийж байсан бол өнөөдөр тэрхүү протейн нь RECALDENT нэртэйгээр дэлхий даяар худалдаалагдаж сая сая хүмүүс бохь ба бусад олон эрүүл ахуйн бүтээгдэхүүний төрлөөр өдөр тутамдаа хэрэглэж байна.

Ерөнхий сайдын нэрэмжит шагналт професор Мельбурны Их Сургуулийн Шүдний сургуулийн захирлаар ажилладаг ба Австрали ба дэлхийн хэмжээний үйлдвэрлэгчидтэй амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах шинэ бүтээгдэхүүн гарган авахаар ажилласаар байна. “Амны хөндийн өвчин эмгэг бол хүн төрөлхтний дунд хамгийн өргөн тархсан өвчин” гэж тэрээр хэллээ.

Өнөөгийн байдлаар Австралийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь шүд цоорох өвчин ба шүдний тулгуур эдийн өвчинд өртөөд байгаа ба эмчилгээний нийт өртөг жил бүр 8 тэрбум австрали долларт хүрээд байгаа бол дэлхийн хэмжээгээр шүдний өвчин эмгэгт жил бүр 400 тэрбум австрали доллар зарцуулж байна. Eric Reynolds профессорын нээлт RECALDENT худалдаанд гарсан цагаасаа хойш нийтдээ 2 тэрбум австрали долларын орлого оруулаад байгаа бол уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр дэлхийн хэмжээнд шүдний эмчилгээнд зарцуулах 12 тэрбум автрали долларыг хэмнээд байна.

“Би Ерөнхий сайдын нэрэмжит Инновацийн шагналыг авсанаа маш том нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шагнал олгох комисс амны хөндийн эрүүл мэндийн судалгааны инновацийг чухал зүйл гэж олж харсанд маш их талархаж байна” гэж тэрээр хэллээ.

Түүний эрдэм шинжилгээний салбарт орж байхдаа нэлээд эрт хийж байсан тархвар судлалын судалгаагаар цагаан идээ буюу сүүн бүтээгдэхүүнүүд шүд цоорох өвчний эрсдлийг багасгаж байгаа шинжлэх ухааны нотолгоог олж илрүүлсэн байна. Олон удаагийн дараалсан туршилтаар Reynolds ба түүний баг энэхүү эрсдлийг багасгаж байгаа үйлчлэлийн гол шалтгаан нь үхрийн сүүнд агуулагдах кальцийн өвөрмөц хэлбэр болох casein уураг болохыг баттайгаар нотолсон байна.

Reynolds болон түүний баг уг бүтээгдэхүүний тухай шинжлэх ухааны хурлууд дээр танилцуулж эхлэхэд шүдний салбарын маш олон компаниудаас бүтээгдэхүүнийг туршиж үзэх саналд дарагдсан ч Австралийн хүнсний үйлдвэрлэгч RECALDENT худалдааны нэрийн дор бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ. Өнөөдөр дэлхий даяар ашиглаж буй RECALDENT-ийг Мельбурн хотод Австрали сүүгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд RECALDENT-ийг агуулсан чихэргүй бохьны томоохон зах зээл нь Япон улс болоод байна.

Профессор Eric Reynolds өнөөг хүртэл RECALDENT бүтээгдэхүүний сайжруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж байгаа бөгөөд саяхан АНУ-д хийгдсэн судалгаагаар RECALDENT агуулсан бүтээгдхүүнүүдийг хослуулан хэрэглэснээр хүүхдийн шүдний цоорлыг бүрэн арилгах боломжтой нь тогтоогдсон байдаг. Ерөнхий сайдын Инновацийн шагналыг дагалдуулан профессор Eric Reynolds 250 000 ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet