Буйлны ховил гүн байх нь амны хөндийн эрүүл мэнд эрсдэлд орсоныг илтгэнэ

GANTUMUR.DDS
2 min readFeb 28, 2018

MAYWOOD, Il., USA: Америкийн Шүдний Эмч нарын Холбоо (American Dental Association)-ы мэдээллээр бол шүдгүйдэлд хүргэж байгаа шалтгааны 90% шүдний цоорлын хүндрэл түүний улмаас үүсэх шүдний тулгуур эдийн өвчин гэнэ. Америкийн Өвчний Хяналт Урьдчилан сэргийлэлтийн Төв (Centers for Disease Control and Prevention)-ийн мэдээллээр Америкийн нийт иргэдийн бараг тэн хагас нь шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчинд нэрвэгдсэн гэнэ. Яг энэ нөхцөл байдал дээр үндэслэн Loyola University Medical Center-ийн шүдний эмч нар шүдний тулгуур эдийн эрүүл мэндийн төлөв байдлыг буйлны ховилын гүнг хэмжиж тодорхойлдог аргад илүү их ач холбогдол өгөхийг зөвлөж байна.

Буйлны ховил буюу хөндийн гүнийг хэмжихдээ зориулалтын хэмжигч зондыг ашигладаг. Тус эрүүл мэндийн төвийн ассистант профессор Dr. Martin Hogan “Шүдний эмч нар өвчтөний буйл болон холбоос эдийн эрүүл мэндийн төлөв байдлыг үнэлэхийн тулд буйлны ховилын гүнд хэмжилт хийдэг. Холбоосын үрэвсэлгүй эрүүл буйлны ховилын гүн 4мм-ээс ихгүй байдаг. Харин энэнээс их гүн ховил байх нь тэнд үрэвсэл байгааг илтгээд зогсохгүй эмчилгээ хийх шаардлагатай болсоныг илтгэнэ” гэж анхаарууллаа.

Буйлны ховилын гүн 1–3мм байхыг буйл, шүдний холбоос эд эрүүл гэж үздэг бол 5мм-ээс дээш байх нь холбоос эдийн асуудал үүссэнийг илтгэх бөгөөд үрэвсэлийг цаашид даамжирахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Энэ тохиолдолд шүдний эмч нар тухай өвчтөнд холбоос эдийн эрүүл мэнд хэвийн болтол 3 сар тутамд шүдний эмнэлэгт ирж цэвэрлэгээ хийлгэж байхыг зөвлөдөг. Ховор тохиолдолд буйлны гүн 6 мм хүрсэн үед мэс засал хийх шаардлагатай болдог. “Буйлыг далбан гаргаж зүсэх нь ховилд цэвэрлэгээ хийхэд илүү гүнд нэвтрэх боломж олгох бөгөөд дараа нь буцаагаад оёчихдог тул айх аюулгүй” гэж Hogan эмч тайлбарлаж байна.

Шаардлагатай шүдний тусламж үйлчилгээг цаг тухайд нь хийснээр шүдний тулгуур эдийн өвчнөөс маш хялбархан урьдчилан сэргийлж болно. Амны хөндийн зарим төрлийн нян болон хоол хүнсний үлдэгдэл зэрэг нь цэвэрлэхгүй бол тухайн орчиндоо үрэвсэл үүсгэх чадамжтай байдаг тул түүнийг цаг тухайд нь шүдээ угаах, буйлны завсрын утас хэрэглэх, шүдний эмнэлэгт очиж мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх гэх мэтээр тухай бүрт нь цэвэрлүүлж байх нь чухал.

Шүдний тулгуур эдийн өвчин нэгэнт үүссэн даамжирсан үед түүнийг эмчлэх нь өртөг өндөртэй цаг хугацаа их шаардсан эмчилгээ болдог тул амны хөндийн эрүүл ахуйн хэрэгсэлүүд болон тодорхой хугацаанд эмнэлэгт хандсанаар түүнээс урьдчилан сэргийлэх боломжтойг шүдний эмч нар анхааруулж байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet