Буйлны үрэвсэлийг эмчлэх замаар атеросклероз, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эмчлэх боломж нээгдлээ
Resolvin E1 гэдэг нь хүний биед загасны тосны омега 3 өөхний хүчлээс үүсдэг молекул бөгөөд буйлны үрэвсэлийг эмчлэх зорилгоор буйлан дээр шавшлага байдлаар ашигладаг. Гэвч энэ нь мөн хүнд хэлбэрийн атеросклерозын өнгөр тогтолт үүсэх, цусны судсанд тромб үүсэж бөглөрөхөөс сэргийлдэг болохыг Бостоны Анагаах Ухааны Их Сургууль ба Forsyth institute-ын судлаачид олж тогтоогоод байна. Энэхүү шинжлэх ухааны нээлт нь буйлны үрэвсэлийг эмчлэх замаар зүрх судасны өвчнийг хамтад нь эмчлэх урьдчилан сэргийлэх боломжийг олгож байна.
Атеросклерозийн хамгийн гол эмгэг үүсгэгч шинж чанар нь үрэвсэл бөгөөд энэ нь зүрхний шигдээс ба цус харвалтын үндсэн шалтгаан болдог. Сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдлэг мэдээллээс архаг үрэвсэлт өвчнүүд буюу чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд, хэрлэг, уушиг ба бөөрний өвчнүүд, Алцгеймер зэргийн эмчилгээнд pro-resolving lipid mediator-ууд буюу resolvins ба lipoxin-ыг ашиглан таатай эерэг үр дүнд хүрэх боломжтой нь тодорхой болсоор байна.
lipid mediator-уудын үр нөлөөг хүнд хэлбэрийн атеросклерозод хэрхэн нөлөөлж байгаа судлахын тулд хүнд хэлбэрийн атеросклероз бүхий өвчтөнүүдийг 2 бүлэгт хуваан эмнэлзүйн туршилт судалгаа явуулсан байна. Нэгдүгээр бүлгийн хүмүүсийг буйлан дээр Resolvin E1-ээр шавшлага тавьж эмчилсэн бол хоёрдугаар бүлэг өвчтөнүүдэд буйлан дээр нь энгийн давстай усан шавшлага тавих байдлаар хяналтын бүлэг болгон авжээ. Туршилт судалгааны үр дүнгээс харахад Resolvin E1 шавшлага тавьсан өвчтөнүүдийн үрэвсэл намжиж, аортын судасны хананд өнгөр тогтолт нь буурч байгаа нь тогтоогдсон бол хяналтын бүлэгт илүү хүнд хэлбэрийн атеросклероз ажиглагдаж байлаа.
“Судалгааны үр дүнгээс Resolvin E1 нь өдөр тутамдаа ашиглаж болох үр нөлөөтэй, аюулгүй эмчилгээний аргачлал болохын хувьд судсанд өнгөр тогтолтоос урьдчилан сэргийлэх замаар зүрхний шигдээс болон цус харвалтаас сэргийлэх боломжтой нь харагдаж байна” гэж Бостоны Анагаахын Их Сургуулийн профессор судалгааны багийн гишүүн James A. Hamilton хэллээ.
Судлаачдын үзэж байгаагаар шинжлэх ухааны энэхүү нээлт нь хэсэг газрын болон эрхтэн тогтолцооны тархмал шинж чанартай үрэвсэлийн эмчилгээнд маш том ахиц дэвшил гэж хэлж болохуйц үйл явдал болж байгаа бөгөөд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, таргалалт болон бусад архаг явцтай үрэвсэлт өвчнүүдийн үед ашиглах боломжтой гэнэ.
Энэхүү судалгаа нь “Atherosclerosis, Periodontal Disease, and Treatment with Resolvins” гарчигтайгаар Current Atherosclerosis Reports сэтгүүлд нийтлэгдсэн байна.