Гурвалсан антибиотик: Гурвалсан антибиотикыг сувгийн эмчилгээнд хэрэглэх нь
Гурвалсан антибиотик нь метронидазол, ципрофлоксацин, миноциклины 1:1:1 хэмжээтэй холимог юм. Эдгээр антибиотикын холимогийг шүдний сувгийн эмчилгээний үед сувгийн эм болгон өргөнөөр ашигладаг. Метронидазол нь сувагт халдварлагдсан нийт бактерийн 99%-ийг дангаараа устгах чадвартай боловч хэрэглэж буй тунгаас хамаараад бактерийн эсрэг үйлчилгээ нь сулардаг. Иймд ципрофлоксацин, миноциклин 2-ыг хавсран хэрэглэдэг.
Гурвалсан антибиотик нь тугалмай төдийгүй ясжмаг эдэд нэвчин орж, тэнд хуримтлагдсан нянг устгах чадвартай. Ялангуяа ясжмаг эдийн нянгийн халдварыг бусад эмийн бодисоор эмчлэхэд хүндрэлтэй байдаг. Гэхдээ өмнө нь ЭДТА уусмалаар сувгийг угааж, тугалмайн сувганцарт хуримтлагдан үхжсэн эд болон органик бус үлдэгдлийг цэвэрлэх шаардлагатай. Ингэснээрээ антибиотик тугалмайд илүү гүн нэвчин, эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг.
Мөн гурвалсан антибиотикыг холбоос эдийн үрэвслийн үед хэрэглэж болно. Хэрэглэх заалтын хувьд уламжлалт эмчилгээ болох кальцийн гидроксид хэрэглээд үр дүн өгөөгүй тохиолдолд ихэвчлэн хэрэглэдэг.
Холимогийн сул тал нь дээрх гурван антибиотикт хэт мэдрэгшилтэй хүнд хэрэглэж болохгүйгээс гадна шүдний өнгийг өөрчилдөг. Найрлаган дахь миноциклин шүдний өнгийг хар хүрэн болгож өөрчилдөг учраас энэхүү холимогийг үүдэн шүдэнд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Судлаачид миноциклины оронд хэрэглэж болох олон антибиотикыг санал болгодог боловч үүнтэй хамгийн ойролцоо үйлчилгээтэй антибиотик бол доксициклин юм. Иймд үүдэн шүдэнд хэрэглэхдээ миноциклиныг доксициклинээр сольж, эсвэл зөвхөн метронидазол, ципрофлоксацин 2-ын холимогийг хэрэглэж болно.
Бэлтгэсэн: О.Цэцэн