Композит материалд нэмдэг шинэ төрлийн биоидэвхит шиллэг биет нь шүдний тугалмай эдийн задралын процессийг таслан зогсоож, эрдэсжүүлнэ
MONCADA, Spain: Шүд цоорох өвчинтэй тэмцэх зорилгоор хамгаалах болон дахин эрдэсжүүлэх шинж чанартай нөхөн сэргээх дахин давтагдашгүй шинж чанартай биоматериал хөгжүүлэн гарган авахад чиглэгдсэн судалгааны ажил нь энэ салбарт томоохон үйл хэрэгт тооцогддог. Тэгвэл олон улсын судлаачдын баг биоидэвхит шиллэг биет (bioactive glass) агуулсан хоёр төрлийн нөхөн сэргээх материалын шүдний тугалмайн коллаген ширхэгүүдийн ферментийн шалтгаант задрал, болон дахин эрдэсжүүлэлтэнд хэр зэрэг үр нөлөөтэй болохыг судлаж тогтоогоод байна.
Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Bioglass 45S5 болон фтороор баяжуулсан фосфатын өндөр агууламжтай бас нэг өөр төрлийн шиллэг биет агуулсан хоёр өөр төрлийн хуванцар материалын тугалмайн сувагт байрлах протеолитик ферментүүдийг саармагжуулж байгаа байдал болон тугалмайн эдийн дахин эрдэсжүүлэлтэнд хэрхэн нөлөөлж байгааг судлан тогтооход чиглэгдсэн байна. Тугалмайн эдийн задралын процессийг судлахдаа бүрэн хэмжээнд эрдэсгүйжүүлсэн хүний шүдний тугалмайн эдийг хиймэл аргаар гарган авсан шүлсэнд 30 хоног байлгаж иммуногистохимийн агачлалаар тодорхойлсон байна. Харин шүдний эдийн дахин эрдэсжүүлэлтийн процессийг спектроскопи болон электрон микроскопын аргачлалаар тодорхойлжээ.
Судлаачдын багт Бельги, Бразил, Финлянд, Герман, ба Их Британи улсын судлаачид багтсан бөгөөд туршилт судалгаануудын үр дүнд фтороор баяжуулсан фосфатын өндөр агууламж бүхий био идэвхит шиллэг биет нь ферментээр өдөөгддөг тугалмайн эдийн задралын процессийг удаашруулах нь Bioglass 45S5-аас илүү болохыг тогтоосон байна. Мөн фтороор баяжуулсан фосфатын өндөр агууламж бүхий био идэвхит шиллэг биет нь илүү био идэвхи сайтай байжээ. Судалгааны багийн ахлагч CEU Cardenal Herrera University-ын профессор Salvatore Sauro “Энэ төрлийн биоидэвхит шиллэг биет нь өөрөөсөө их хэмжээний фтор болон фосфат ион ялгаруулах тул шүдний хатуу эдийг дахин эрдэсжүүлэлтийг дэмжих төдийгүй matrix metalloproteinase ба cysteine cathepsins ферментүүдэд хориг тавих замаар тугалмайн коллаген ширхэгүүдийн задралын процессийг бууруулж байна” гэж хэллээ.
Иймд энэ төрлийн биоидэвхит шиллэг биетийг шүд цоорлыг эмчлэх эмнэлзүйн зориулалт бүхий шинэ төрлийн нөхөн сэргээх материал гарган авахад ашиглах нь илүү үр дүнтэй болохыг судлаачид цохон тэмдэглэсэн байна.
Энэхүү судалгаа нь “Effects of composites containing bioactive glasses on demineralized dentin” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 5-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.