Коронавируст (COVID-19) цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед шүдний эмнэлэгт үзүүлэх нь аюултай юу?

GANTUMUR.DDS
5 min readDec 1, 2020

--

Корнавируст цар тахлын дэгдэлт улс орны хэмжээнд ихсэж нийтээр хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед шүдний эмнэлгийн орчинд халдвар хэр их эрсдэлтэй болох, ямар дэглэм баримтлавал зохих талаар АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн ахлах багш, ЭМЯ, Нүүр амны мэргэжлийн зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга АУ доктор Ч.Гантөмөрөөс лавлаж ярилцлага авлаа. #ShudMN

Юуны өмнө таниас COVID-19 цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед шүдний эмнэлэгт үзүүлэх нь аюултай юу? гэсэн асуултыг асууя

Таны энэ асуултанд би шүдний эмнэлэгт үзүүлэх нь аюулгүй гэдгийг шууд хэлье. Яагаад гэвэл өнгөрсөн долоо хоногт ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн санаачилгаар шүдний салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд боловруулсан COVID-19 цар тахлын дэгдэлтийн үед халдварын хяналт, сэргийлэлтийн удирдамж батлагдан гарсан. Шүдний эмнэлгүүдэд энэ талын зөвлөмж мэдээллүүд хэдийнээ хүрсэн учир эмнэлгүүд маань энэ дэглэмийг баримтлаад эхэлсэн. Энэ дэглэм ёсоор шүдний эмнэлгүүд үйлчлүүлэгчийг эмнэлэгт ирэхээс өмнө биеийн халуун болон бусад эрсдэлт хүчин зүйлсийг үнэлж хэрэв сэжиг бүхий хүмүүс илэрвэл тэдгээрийг COVD-19 сайн дурын шинжилгээ өгөөд халдваргүй гэдгээ батлаад ирэхийг зөвлөж байгаа. Иймд шүдний эмнэлэгт халдварын сэжигтэй болон халдвартай байж магадгүй хүмүүс ирэх боломжгүй. Үүний зэрэгцээгээр халдвар хамгааллыг өндөр хэмжээнд сахих журам хэрэгжиж байгаа тул нууц үе дээрээ яваа үйлчлүүлэгч өөрөө ч мэдэхгүй үйлчлүүлээд гарлаа гэхэд халдвар өөр хүнд дамжих боломжгүй. Үүнийг юугаар батлах вэ гэвэл шүдний эмнэлгүүд үйлчлүүлэгчдийг хүлээлгийн өрөөнд олноор хүлээлгэхгүй аль болох ганц ганцаар хүлээн авч байгаа. Тухайн үйлчлүүлэгч үйлчилгээ аваад гарсаны дараа тухайн хүний явсан зам мөрийн дагуу халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг хийгээд өрөөний агаарыг бүрэн сэлгэснээс хойш 15 мин дараа дараагийн хүнээ хүлээн авч байгаа. Мөн эмч нар үйлчлүүлэгч болгон дээрээ хувийн хамгаалах хувцас, нүдний шил, нүүрний хамгаалалт сольж байнгын ариутгасан хэрэгсэл хэрэглэж байгаа тул эмнэлгийн ажилтнууд зүгээс халдвар дамжих эрсдэл байхгүй. Бүх шүдний эмнэлгүүд ам зайлах уусмалаас эхлүүлээд европыг холбооны улсуудад үйлдвэрлэгдсэн улсын бүртгэлтэй дээд зэргийн чанартай ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисууд хэрэглэж байгаа тул ариутгал халдваргүйжүүлэлтэнд санаа зоволтгүй. Шүдний эмнэлгүүд ийнхүү COVID-19 -ын халдвар хамгаалалтын бэлтгэлээ базааж, дүрэм журам, эд зүйлсээ бэлтгэсэн тул та өөрөө ямар нэгэн халдварын сэжигтэй асуудалд тулгараагүй л бол урьдын адил санаа зоволтгүй үйлчлүүлж болно.

Гэхдээ л урьдын адил айдасгүй үзүүлнэ гэхээр эмнэлгийн байгууллага учир нэг л санаа зовоод байна. Таны хувьд энэ цаг үед шүдний эмнэлэгт үзүүлэх эсвэл үзүүлэхгүй байх онцлох зүйлс байвал нуулгүй хэлж өгөөч?

COVID-19 коронавируст халдварын хүндрэлийн гол шалтгаан нь амьсгалын замын хүндрэл, уушигны хатгаа болж хүний амь насанд хүрч байна. Мөн чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй хүмүүст илүү их хүндрэл болон нас баралт тохиолдож байна. Тэгвэл коронавируст халдварын үед вирусын гаралтай хүндрэлээс гадна хүний бие нянгийн халдвар идэвхжсэнээс хүндрэл үүсэх нь их байна. Ялангуяа уушиг амьсгалын замын хүндрэлийн үед хүний амны хөндийд байх нян бактериуд нь амьсгалын доод замаар дамжин уушгинд халдварлаж өвчнийг хүндрүүлж байгаа нь тогтоогдсон. Шүдний тулгуур эдийн өвчин үүсгэгч нянгууд амьсгалын замын хүндрэл, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Иймд шүдний өвчин нь коронавируст халдварт өртсөн хүмүүсийн амь насанд аюултай хүндрэл үүсэх шалтгаан болж болзошгүй. Энэ утгаараа шүдний өвчинөө эмчлүүлж, амны хөндийгөө эрүүлжүүлэх нь чухал.

Дэлхийн хөгжингүй ул орнууд болох Япон, Солонгос, Америк зэргийг харахад халдварын тохиолдол манайхтай харьцуулашгүй өндөр байгаа ч хүмүүс шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ авч амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилсээр л байна. Коронавирусээс айж шүдний эмнэлэгт үзүүлэх цагаа хойшлуулсанаар вирусээс илүү амь насанд аюултай хүндрэлд хүргэх вий гэсэн болгоомжлол эмч хүний хувьд байна. Иймд эмнэлэгт үзүүлэх үзүүлэхгүй байх нь хувь хүний өөрийн сонголт бөгөөд хэрэв шүдний эмнэлэгт шүдээ шалгуулах хугацаа чинь болсон одоогоор ямар нэг илрээд байгаа ноцтой асуудалгүй бол бүх нийтийн бэлэн байдлын хугацаа өнгөртөл хүлээх сонголт бол бий. Үзүүлэхгүй байх ноцтой зүйл одоогоор би олж харахгүй байна. Халдвар авах эрсдлийн хувьд хэлэхэд та талх, давс хүнсний зүйлээ авах гээд дэлгүүр хоршоо, худалдааны байгууллагаар өдөр тутам орж л байгаа. Шүдний эмнэлэг бол түүнтэй зүйрлэшгүй өндөр хэмжээний халдвар хамгаалал баримталж байгаа ариун орчин. Дэлгүүр хоршоо шиг ч олон хүн бужигнахгүй хүмүүс ганц ганцаараа үйлчилж байгаа. Шүдний эмнэлэгт та өдөр бүр биш шүдний асуудлаа намжтал хэдхэн удаа л очино шүү дээ.

Нэг тодруулах зүйл байна. Таны хэлж байгаа нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл гэж байгаа нь халдвартын ажилтнууд өмсөөд байгаа тэр битүү цагаан хувцас мөн үү? Сошиал сүлжээнд тийм хувцастай шүдний эмчилгээ хийж байгаа зургууд харсан.

Тийм зураг тараад байгааг бид ч олж харсан. Энэ нь магадгүй эмнэлгийн мэргэжилтний хувьд ч эргэлзээ төрүүлэхүйц асуудал байлаа. Гэхдээ энэ бол буруу ойлголт. Таны асуугаад байгаа битүү цагаан хувцас бол тахлын хувцас гэдгээр нь бид мэднэ. Та бүхэн Япон, Солонгос, Америк зэрэг улс орны шүдний эмчилгээ яаж явагдаж байгааг youtube дээр байгаа мэдээллийн сувгуудаас хайгаад үзвэл тэр хөгжингүй оронд ч тийм зүйл ажиглагдахгүй байгаа. Тахлын хувцас бол халдварын эрсдэл өндөр тахалтай нүүр тулах нь зайлшгүй мэргэжилтнүүд л өмсөхөд зориулагдсан хувцас, хэрэгсэл. ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн гаргасан удирдамжид энэхүү бүх биеэ хаасан цагаан хувцас буюу тахлын хувцсыг зөвхөн хоёрхон тохиолдолд л өмсөхөөр заасан байгаа. Нэг нь халдварын сэжигтэй тохиолдолд эмчилгээ хийх бол нөгөө нь халдварын батлагдсан тохиолдолд эмчилгээ хийх бол. Харин эмнэлгүүд дахин ариутгах боломжтой хувцас хэрэгсэлийг үйлчлүүлэгч болгон дээрээ сольж өмсөж байгаа. Тэдгээр хувцас хэрэгсэлүүдийг үйлчлүүлэгч болгоны дараа тусгай саванд хийгээд журмын дагуу халдваргүйжүүлж, ариутгах тул айх аюулгүй. Мэдээж нүүрний хамгаалалт, маск, бээлийг эмч, сувилагч бүр хүн бүр дээр мөн сольж хэрэглэж байгаа.

Шүдний эмнэлэгт очихдоо бид юуг анхаарах ёстой вэ?

Шүдний эмнэлгүүдийн нийтээрээ баримталж байгаа удирдамжид үйлчлүүлэгчдэд шууд цаг өгөх болон цаггүй хүн үзэхийг хориглосон байгаа. Иймд та урьдын адил шүдний эмнэлэгрүү гүйгээд орвол шүдний эмнэлгүүд таныг хүлээн авахгүй л болов уу. Иймд та үйлчлүүлдэг шүдний эмнэлэгрүүгээ заавал утсаар юмуу Facebook messenger өшөө ямар нэгэн аргаар эхлээд холбогдоорой. Шүдний эмнэлгийн ажилтаны асууж буй асуултанд үнэн зөв хариулт өгөөрэй. Шүдний эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал маск зүүгээрэй. Болж өгвөл хүн дагуулж очихгүй ганцаараа очоорой. Эмнэлэг дотор хүнтэй харьцахдаа маскаа авч болохгүй шүү. Ажилтаны зааварчилгаа эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний дэглэмийг цаараглалгүй дагаарай. COVID-19 халдварын үед хүн хоорондын зай маш чухал тул эмнэлгийн сандал дээр суухаар тэмдэглэсэн тэр хэсэгт л сууж үйлчлүүлээрэй. Хэрэв өмнөх хүний чинь эмчилгээ цагтаа дуусаагүй бол эмнэлэгрүү орох гэж яаралгүй машиндаа суугаад хүлээж байгаарай. Эцэст нь хэлэхэд та халдварын ямар нэгэн сэжигтэй тохиолдолтой ойрын хавьталд орсон бол сайн дураараа шижилгээнд хамрагдаад шинжилгээний бичигээ аваад ирээрэй.

Ярилцлага өгсөнд баярлалаа

--

--