Судлаачид шүдний хурц, хорон өвдөлт болон хүзүү толгой орчмын өвдөлтийн шалтгаан болсон мэдрэхүйн нейроныг олж илрүүллээ
DURHAM, N.C., U.S.: Ихэнх хүмүүс шүдний өвдөлт болон толгой, нүүр, нүдний ухархай, чихний өвдөлт нь биеийн бусад хэсгийн өвдөлтөөс илүү хурц, хорон бөгөөд сэтгэл санааны байдалтай хамааралтай байдаг гэдгийг мэддэг.
Тэгвэл АНУ-ын Duke University-ын судлаачид толгой, нүүр орчмоос тархины сэтгэл хөдлөлийн нэгэн чухал төв зангилаатай шууд холбоо үүсгэдэг мэдрэхүйн нейроныг олж илрүүлсэнээ зарлалаа. Биеийн бусад хэсгийн мэдрэхүйн нейронууд нь сэтгэл хөдлөлийн төвтэй шууд бусаар холбогддог бол энэ төрлийн нейронууд шууд холбоо үүсгэдгээрээ онцлог байна. Хүзүү толгой орчмоос дамжих өвдөлтийн мэдрэхүй нь биеийн бусад хэсгүүдээс дамжих өвдөлтийн мэдрэхүйгээс өөр төрлийн мэдрэхүйн бүлэг нейронуудаар дамжиж байгаа нь энэ нь биеийн бусад өвдөлтийн нейронуудаас илүү мэдрэг гэж үзэх боломж олгож байна.
Гэхдээ мэдрэхүйн энэ ялгаатай байдал нь маш их айсан болон цочирдсон үед нүүр хүзүү орчмын өвлөлтийн болон биеийн бусад хэсгийн өвдөлтийн хариу урвалын ялгаатай байдлыг илэрхийлэхгүй гэж судалгааны багийн ахлагч Нейробиологийн тэнхмийн профессор Fan Wang хэллээ. “Эмч нар ихэнхдээ өвлөтийн мэдрэмжийг эмчлэх гэж оролддог. Гэвч бидний судалгаанаас харахад өвдөлтийн мэдрэмжийн зэрэгцээгээр өвдөлтөд нөлөөлдөг сэтгэл санааны байдлыг бас эмчлэх хэрэгтэй нь харагдаж байна” гэж тэрээр нэмж хэллээ.
MRI-ын зураг дээр их айж цочирдсон болон зовиур шаналгаатай үеийн байдлыг авч үзэхэд, толгой нүүр орчмын өвдөлтийн үед тархины сэтгэл хөдлөлийн төв болох amygdala биеийн бусад хэсгийн өвдөлтийн үеэс илүү идвэхжсэн байдалтай харагдаж байна.
Нүүрний болон биеийн бусад хэсгийн нейроны сүлжээний идэхжлийн талаар туршилтын хулгана дээр судлаж үзэхэд нүүр орчмын өвдөлт нь тархины сэтгэл хөдлөлийн төвтэй шууд холбоо бүхий parabrachial nucleus (PBL)-ийг өндөр хэмжээнд идэвхжүүлж байлаа. Үүний үр дүнд Fan Wang нарын судлаачид өөрсдийн хөгжүүлсэн шинэ төрлийн технологийг ашиглан тархины тэр хэсгийн идэхжлийн шалтгаан болж буй нейронуудыг нарийн тодорхойлж илрүүлж чадсан байна.
“Энэ бол Эврика гэж хэлж болохуйц нээлт боллоо. Учир нь биеийн бусад хэсгийн нейронууд parabrachial nucleus (PBL)-тай зөвхөн шууд бус замаар л холбоо үүсгэдэг. Гэтэл толгой болон нүүрний хэсгийн нейронууд энэхүү шууд бус холбооны зэрэгцээгээр бас шууд холбоо үүсгэдэг болох нь тогтоогдлоо” гэж Fan Wang шинэхэн нээлтээ тайлбарлалаа. “Энэхүү нээлт бол яагаад нүүр болон толгой орчмын өвдөлтийн үед amygdala болон тархины сэтгэл хөдлөлийн төвүүд тийм хүчтэй идэвхждэгийн шалтгааныг тайлбарлана” гэж тэрээр нэмж хэллээ.
“Бид толгой, нүүр орчмын өвдөлт биеийн бусад хэсгийн өвдөлтөөс илүү яагаад сэтгэл санааны байдлыг дагадаг учрыг анх удаа биологийн талаас нь тайлбарлалаа” гэж судалгааны багийн хамтрагч Duke University Medical Center-ийн Толгой хүзүүний өвдөлтийн тасгийн профессор Wolfgang Liedtke хэлж байна. “Энэхүү нээлт нь толгой болон нүүрний архаг хэлбэрийн өвдөлтийн шалтгааны талаар илүү гүн гүнзгий ойлгоход тус нэмэр болох төдийгүй энэхүү нээлтийг эмчилгээний салбарт нэвтрүүлж өвчтэй хүмүүст ашиг тусыг нь хүртээхэд тустай зүйл боллоо” гэж тэрээр нэмж хэллээ.
Энэхүү шинжлэх ухааны нээлт нь гавал тархины мэдрэлээр өдөөгдөн үүсдэг архаг толгой өвдөлт, эрүү нүүр орчмын архаг өвдөлт, шүдний эмчилгээний дараа үүсдэг таагүй нөхцөл байдлыг арилгах чиглэлээр илүү үр дүнтэй эмчилгээний аргачлал боловсруулах арга замыг нээж өгч байна.
Энэхүү судалгаа нь “A craniofacial-specific monosynaptic circuit enables heightened affective pain,” гарчигтайгаар Nature Neuroscience Journal-ын 11-р сарын 13-ы дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.