Финланд улсын шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний туршлагаас

GANTUMUR.DDS
4 min readNov 17, 2017

--

Дэлхий хэмжээнд Финлянд улсыг тогтвортой эдийн засагтай хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэл бүхий хөгжингүй ардчилсан нийгмийг цогцлоож чадсан улс гэж хардаг. Шүдний салбарын хувьд Финлянд улс нь хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улсуудын нэгээр тооцогддог бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн хамгийн нэр хүндтэй эмнэлгүүдэд ашигладаг бол шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх салбарт гаргасан Фин туршлагыг дэлхий нийтээрээ судлууштай маш зөв арга хэмжээ болсон гэж үздэг. Шүдний тусламж үйлчилгээний салбарын бүтцийн талаас авч үзвэл энэ улс энэ чиглэлд маш том дэвшилд хүрснийг харж болно. Энэ талаар цуврал байдлаар танилцуулахаар бэлдлээ.

Шүдний тусламжийн төрийн үйлчилгээний салбарын тухай

Финляндын шүдний эмч нарын холбооны мэдэгдэж байгаагаар бол тус улсад шүдний салбарын тусламж үйлчилгээг төрийн үйлчилгээний салбарт хамаарах улсын эмнэлгүүд нөгөө талаар хувийн хэвшлийн эмнэлгүүд хавсран гүйцэтгэдэг. Төрийн мэдлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн бүсчилсэн томоохон төвүүдэд тулгуурлан явагдах бөгөөд бүх чиглэлийн тусламж үйлчилгээг эндээс авах боломжтой байдаг.

Үйлчилгээний зохион байгуулалтын хувьд эрүүл мэндийн төвүүд нь өөрөө тухайн өвчтөнд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх хариуцлагыг үүрэх бөгөөд үйл ажиллагааны хувьд бүрэн бие даасан байдаг бол эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагууд болон Эрүүл мэндлийн яам тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянан зохицуулах үүрэгтэй байдаг байна.

Эрүүл мэндийн бүсийн төвүүд нь олон нийтэд үйлчилгээ хүргэхийн тулд эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагуудаас тодорхой хэмжээний татаас авах боловч санхүүжилтийн дийлэнх хэсгийг өөрийн дотоод эх үүсвэрээс захиран зарцуулах эрхтэй байдаг гэнэ. Иргэдийн хувьд үнийн дүнгээс эс шалтгаалан эрүүл мэндийн үйлчилгээний тодорхой хувь буюу дээд тал нь тал хүртэл хувийг хувиасаа төлөх шаардлагатай бол төлбөрийн үлдсэн хэсгийг даатгалын болон бусад сангаас санхүүжүүлдэг байна. Харин хүүхдүүдийг 18 нас хүртэл бүх үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг гэнэ.

2010 онд Финлянд улсын Эрүүл мэндийн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор иргэд өөрсдийн хүслээр эрүүл мэндийн анхан шатны болон нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээ үзүүүлэгч ямар ч эмнэлгийг чөлөөтэй сонгох боломжтой болсон байна. 2014 оноос эхлэн шүдний тусламж үйлчилгээ үзүүлэгч эмнэлгүүдэд энэхүү чөлөөтэй сонгох боломж нээгдсэн байна.

Эрүүл мэндийн хуулийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүсийн төвүүд нь анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ тэрэн дундаа шүдний яаралтай тусламжийг үзүүлэх үүргийг хүлээсэн байна.

Хувийн эмнэлгийн салбарууд сүлжээнд нэгдэж байна

Тус улсын хувийн салбарын шүдний тусламж үйлчилгээнүүдийн нэгжид гарч буй томоохон бүтцийн өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан жижиг эмнэлгүүд өөр хоорондоо эсвэл томоохон сүлжээ эмнэлгүүдэд нэгдэх чиг хандлага ажиглагдаж байна. Ялангуяа томоохон хотуудад энэ нь бүр их ажиглагдаж байгаа нь шүдний эмнэлгүүдийн хоорондох зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй холбож тайлбарлаж байна.

Эмнэлгүүд ийнхүү өөр хоорондоо нэгдэж сүлжээ хэлбэрээр нэгдмэл үйл ажиллагаа явуулах болсон нь материалын худалдан авалтын үйл явцад ч нөлөөлж эмнэлгүүд материал авах компаниудаа өөр хооронд нь өрсөлдүүлэх, олон эмнэлгүүд бөөнөөр худалдан авалт хийх замаар үнийн дүнг бууруулах зэргээр материалын худалдааны компаниудад өөрсдийн нөлөөллийг үзүүлэх боломжтой болсон байна.

Түүнчлэн сүлжээ эмнэлгүүдийн хоорондын зах зээлийн ширүүн өрсөлдөөн нь олон нийтэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй сайн зөвлөх үйлчилгээ авахад тус дэм болж байна.

Финляндын шүдний тусламж үйлчилгээний томоохон сүлжээ эмнэлгүүдийн нэг Med Group Hammaslääkärit-ын захирал Лео Хелениусын хэлж байгаагаар тус сүлжээний эмнэлгүүдийн хувьд шүдний эрүүл мэндийн зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд хэн ч эмнэлэгт хүрэлцэн ирж өөрийн амны хөндийн болон биеийн эрүүл мэндийн байдлын талаар зөвлөгөө авч, өөрт шаардлагатай эмчилгээ түүний үнийн дүнгийн талаар чөлөөтэй мэдээлэл авах боломжтой гэнэ. Энэ үйлчилгээ нь мөн иргэдэд шүдний өвчнөөс урьдчилэн сэргийлэхэд маш чухал нөлөө үзүүлдэг байна.

Эмнэлгийн сүлжээнүүдийн үзүүлж буй энэхүү эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээний ачаар олон нийт амны хөндийн эрүүл мэндийн хангалттай мэдээлэлтэй болж байгаа нь сүүлийн жилүүдэд тус улсын иргэдийн амны хөндийн эрүүл мэндийн төлөв байдлын сайжиралтаас харагдаж байна.

Ийнхүү эмнэлгүүд нэгдэж томрох болсон нь үйлчилгээний чанарт дэвшил гаргах боломж бүрдсэн бөгөөд тухайлбал Med Group Hammaslääkärit сүлжээний эмнэлгүүд гэхэд үйлчилгээгээрээ ISO 9001 чанарын сертификат авсан байна.

Хяналт шалгалтын талаар товч

Хэдийгээр энэлгүүд өөр хоорондоо нэгдэж том хэмжээнд үйл ажиллагаа явуулах чиг хандлага байгаа хэдий ч нийт шүдний эмч нарын 30 хувь нь өөрийн хувийн шүдний эмнэлэгээ нээн ажиллаж байна.

Хувийн шүдний эмнэлгүүд нь төрийн захиргааны байгууллагуудад харьяалагддаг боловч тэдгээр төрийн захиргааны байгууллагууд нь шүдний эмнэлгийн тоо, шүдний эмч мэргэжилтнүүдийн орон тоо зэрэгт ямар нэг хязгаарлалт хийх дарамт шахалт учруулдаггүй байна. Түүнчлэн ажлын байранд тавигдах онцгой шаардлага гэж тусдаа зүйл байдаггүй тул шүдний эмнэлгүүд орон сууцанд, хауст, оффисын байранд түүнчлэн дэлгүүрт эрүүл мэндийн томоохон төвүүдэд хаана л бол хаана үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг гэнэ.

Шүдний эмнэлэг нээх нь тухайн эмчийн өөрийн хэрэг тул улсын зүгээс ямар нэгэн дэмжлэг урамшуулал эсвэл дарамт шахалт гэх зүйл байдаггүй байна. Харин тухайн эмч шүдний эмнэлэг нээсэн бол тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагад энэ талаар заавал мэдэгдэх ёстой.

Шүдний эмнэлгийн төлбөрийн тал дээр хувийн эмнэлэгт үзүүлсэн өвчтөн тухайн эмнэлэгт бүх төлбөрийг хувиасаа төлж барагдуулах үүрэг хүлээх бөгөөд харин дараа нь Үндэсний тэтгэвэрийн сан (KELA)-гаас тухайн төлбөрийнхөө 30–35%-ийг нэхэмжлэн нөхөн олговороор буцаан авах боломжтой. Тэтгэвэрийн сангаас авагддаг болон авагддаггүй шүдэлбэрийн тусламж үйлчилээ, шүдний гажиг засал, шүдний лабораторийн тусламж зэрэгт нөхөн олговор олгодоггүй байна.

Төрийн захиргааны эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс шүдний эмч нарт тодорхой зөвлөмжүүдийг чиглэл чиглэлээр нь гаргаж өгдөг ч хувийн салбарын эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд төрийн зүгээс хутгалдан ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэггүй.

Харин хувийн шүдний салбарын эмч нарт Үндэсний тэтгэвэрийн сангаас нөхөн олговор олгох эрх авах нь маш өндөр шалгуур дор олгогддог бөгөөд энэ үе шатанд тухайн эмнэлгийн үйл ажиллагааны стандарт, эмчийн ур чадвар, үйлчилгээний үнийн дүн зэрэг олон чиглэлээр шалгалт явуулж тухайн эмчийг үнэлээд Үндэсний тэтгэвэрийн сангаас хэдэн хувийн нөхөн олговор олгох хувийг тогтоодог. Хэрэв өвчтөн ямэр нэгэн гомдол гаргавал Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлийн хянан шалгах эрх бүхий байгууллагаас шалгалт явуулж буруутай этгээдийг тодруулдаг.

Финляндын эрүүл мэндийн системд тэр аяараа цахим үйлчилгээ өндөр хэмжээнд нэвтэрсэн тул шүдний тусламж үйлчилгээний салбар ч өөрийн бүртгэл хөтлөлтийг заавал цахим хэлбэрээр хийж эмч болгон өөрийн өвчтөний мэдээллийг Эрүүл мэндийн дата төврүү илгээж байх үүрэг хүлээдэг.

Түүнчлэн эмчийн жор бичилтийг мөн цахим хэлбэрээр гүйцэтгэх бөгөөд түүнийгээ мөн дата төврүү илгээснээр эмийн сангуудын сүлжээнд нэвтэрч шаардлагатай эм, тариаг түргэн шуурхай хангах нөхцөл бүрддэг.

Энэхүү эрүүл мэндийн дата төв нь Үндэсний тэтгэвэрийн сан болон Нийгмийн даатгалын сантай нэгдсэн сүлжээнд холбогдож нягт хамтран ажилладаг байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet