Хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэлд ашигладаг сахар болон сахар орлуулагч бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн эрүүл мэнд ба амны хөндийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

GANTUMUR.DDS
4 min readNov 12, 2017

--

Олон нийтийн дунд амттан, хүнсний бүтээгдэхүүнүүд дээр тавьсан “сахар агуулаагүй”, “байгалийн гаралтай сахар агуулсан”, “сахар орлуулагч ашигласан” гэх мэт төрөл бүрийн тайлбарт толгой эргэх нь элбэг. Тэгвэл энэ асуудал дээр British Dietetic Association-ы мэргэжилтэн Elaine Gardner-ын сахарын төрлүүд ба сахар орлуулагчдын талаарх товч мэдээлэл ба амны хөндийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг орчуулан толилуулж байна.

1 Xylitol

Энэ нь sugar alcohol төрлийн бодис бөгөөд амтны хувьд яг сахартай төстэй. Мөн түүнийг сахартай ижил хэмжээгээр хэрэглэхэд ижил төрлийн амт ордог.

Энэ бүтээгдэхүүнийг мөхлөг хэлбэрээр нь худалдаж авч болохоос гадна зөгийн бал, варень, шоколад зэрэг хэлбэрээр авч болно. Түүнчлэн амны эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүд (ам зайлагч, шүдний оо, үрэл) нь найрлагандаа чихэрлэг амтны зорилгоор xylitol-ыг агуулдаг.

Xylitol нь шимэгдэх шинж чанар сул тул цусны сахарын хэмжээнд ердийн сахар шиг шууд нөлөөлдөггүй. Мөн калори багатай тул биеийн жингээ барихад тустай. Өдөрт 50 гр-аас ихгүй хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

Xylitol нь бактерийн нөлөөгөөр задарч шүдэнд халтай нэгдэл үүсгэдэггүй тул шүд цоорох өвчин үүсгэдэггүй. Мөн шүдний дахин эрдэсжих процессийг дэмждэг. Xylitol агуулсан бохь нь шүлсний ялгаралтыг дэмжиж амны эрүүл ахуйг барихын зэрэгцээгээр Streptococcus mutans зэрэг нянгийн хэмжээг бууруулах нөлөөтэй.

2 Stevia

Энэ нь stevia төрлийн угамлаас гаргаж авсан ургамлын гаралтай амт оруулагч юм. Энэ нь ердийн сахараас 250–300 дахин хүчтэй чихэрлэг амттай. Үүнийг нунтаг, таблет, сироп хэлбэрээр дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Stevia-г сахар агуулаагүй ундаа, варень, амтлаг сүү, тараг, ёгурт, торт, амттан, пивонд ашигладаг. Тухайлбал Coca Cola Lite болон Sprite ундаанууд нь Stevia-гаар амт оруулсан байдаг.

Stevia бол калоригүй, нүүрс ус агуулаагүй тул цусны сахарт нөлөөлдөггүй. Иймд энэ нь чихрийн шижин бүхий хүмүүс, хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхэд хор хөнөөлгүй.

Stevia нь мөн ферментийн нөөлөнд өртдөг нүүрс ус агуулдаггүй тул шүдний эрүүл мэндэд сөрөг нөөлөөгүй.

3 Зөгийн бал

Зөгийн балыг дэлгүүрээс бал хэлбэрээр худалдаж авах боломжтой элбэг зүйл бөгөөд найрлага ба амт нь зөгийн төрөл болон цэцэгнээсээ хамаардаг байна.

Зөгийн бал нь найрлагандаа сахар, глюкоз, фруктоз агуулна. Иймд зөгийн бал нь цусны сахар ихсэхэд нөлөө учруулдаг. Чихрийн шижин бүхий хүмүүс сахараас зайлсхийж түүнийг зөгийн балаар орлуулах нь үр дүнгүй болох нь эндээс харагдаж байна. Гэвч зөгийн бал агуулсан бүтээгдэхүүнүүд дээр “сахар агуулаагүй” гэсэн шошго тавьсан байдаг ч түүнээс болгоомжлох хэрэгтэй.

Гэхдээ зөгийн бал нь чихэрлэг амт оруулагчдаас гадна өөртөө антиоксидант ба нянгийн эсрэг нэгдлүүд агуулах тул эрүүл мэндэд тэр талаараа сайн нөлөөтэй.

Амны хөндийн эрүүл мэндийн хувьд зөгийн бал нь ферментийн нөлөөнд өртдөг нүүрс ус агуулах тул шүдний цоорол үүсгэхэд хувь нэмэр оруулна. Хэдийгээр зөгийн бал өөртөө нянгийн эсрэг нэгдлүүд агуулдаг ч туршилт судалгаагаар тэдгээр нь Streptococcus mutans-д үйлчилдэггүй болох нь тогтоогдсон.

4 Наргил модны чихэр

Наргил модноос гаргаж авдаг бор өнгийн элсэн чихэр. Энэ төрлийн сахарыг Азийн орнуудад хүнсний амтлагч, амттан хийхэд өргөн ашигладаг. Наргил модны элсэн чихэр нь 70–80% сахароз, болон глюкоз, фруктоз агуулна.

Энгийн сахарын нэгэн адил таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэхэд гол нөлөө учруулна. Ердийн сахартай адил хэмжээний калоритой.

Амны хөндийн эрүүл мэндийн хувьд энэ бүтээгдэхүүн нь өөртөө их хэмжээний ферментийн нөлөөнд өртдөг нүүрс ус нэгдлүүд агуулах тул шүдний цоорол үүсгэх нөлөөтэй.

5 Лактоз (Сүүний сахар)

Энэ төрлийн чихэр нь амьтны сүү болон сүү цагаан идээнд агуулагдна. Хоол хүнсий бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон ундааны үйлдвэрлэлд өргөн ашиглагдна. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон цагаан идээнд амт оруулах зорилгоор ашиглана. Ердийн сүүний найрлаганд 4.7% лактоз агуулдаг бол амт оруулсан сүүнд бусад төрлийн нэмэлт амт оруулагч сахаруудыг ашигладаг.

Зарим хүмүүс төрөлхийн лактоз шингээх чадваргүй байх бөгөөд ходоод гэдэсний замд лактоз задлах фермент бага байдаг. Ийм хүмүүст зориулсан лактозгүй сүү сүүн бүтээгдэхүүнүүд сүүлийн үед худалдаалах болсон.

Лактоз нь ферментийн нөлөөнд автдаг нүүрс ус биш тул шүдний цоорол үүсэхэд нөлөөлөхгүй. Лактоз агуулсан сүүг өдөр тутам хэрэглэх нь уураг, кальци, фосфатаар баялаг тул амны хөндийн хүчиллэг орчинг саармагжуулж шүдний эрүүл мэндэд тустай.

6 Sucralose

Энэ нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хиймэл амт оруулагч бодис. Хэдийгээр энэ бүтээгдхүүний төгсгөл нь –оз төгсгөл агуулж байгаа нь сахароз, фруктоз гэх мэт амт оруулагчидтай адил сонсогдож байгаа ч энэ нь өөр төрлийн бодис юм. Sucralose-ыг ердийн сахарыг химийн аргаар боловсруулж гаргаж авдаг. E955 гэсэн кодчилолоор нь сайн мэддэг.

Sucralose-ыг төрөл бүрийн калори багатай бүтээгдхүүнүүд, ундаа, бохь, өглөөний зууш, салат зэрэгийг бэлтгэхэд ашигладаг.

Sucralose нь калоригүй бүтээгдэхүүн ангилалд хамаардаг ч маш хүчтэй чихэрлэг амттай (Ердийн сахараас 600 дахин хүчтэй) тул элсэн чихэр хэлбэртээ бусад төрлийн амт оруулагч maltodextrin зэргийг хольсон байдаг. Яг үнэндээ бол калоригүй бүтээгдэхүүн биш. Нэг хоолны халбага sucralose нь 2–4 калори болно.

Гэхдээ sucralose нь цусны сахарт ердийн сахараас бага нөлөө үзүүлдэгийг Европын Хоол Хүнсний аюулгүй байдлын газрууд баталгаажуулсан байдаг.

Амны хөндийн эрүүл мэндийн хувьд Европын Хоол Хүнсний аюулгүй байдлын газруудын баталсанаар шүдний цоорол үүсэхэд нөлөө учруулдаггүй.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet