Хүүхдийн уруул ба тагнайн сэтэрхий гэж юу вэ?

GANTUMUR.DDS
3 min readMay 29, 2018

--

Уруулын сэтэрхий гэдэг нь ургийн эрхтэн тогтолцооны хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлөх таагүй хүчин зүйлийн улмаас дээд уруул хооронд сэтэрч үүссэн эмгэгийг хэлэх бөгөөд АНУ-ын хэмжээнд гэхэд 700 төрөлт тутамд 1 хүүхдэд тохиолдож байна. Энэ нь тагнайн сэтэрхийтэй адилаар үр хөврөлиийн хөгжлийн явцад хүүхдийн нүүрний хэсгүүд өөр хоорондоо ном ёсны дагуу нийлээгүйтэй холбоотойгоор үүссэн байдаг. Гэвч өнөөг хүртэл харамсалтай нь уруул, тагнайн сэтэрхий яагаад үүсдэг талаар хэн ч яг таг мэдэхгүй байгаа бөгөөд зөвхөн таамаглал дэвшүүлж л байна. Түүнийг жирэмсний үе дэх эхчүүдийн гормоны тэнцвэрт байдал алдагдах, хоол тэжээл дэх зарим бодисын дутагдал, зарим нэг эмийн бодисын гаж нөлөө зэрэгтэй холбож тайлбарлах нь бий.

Тагнайн сэтэрхийн үед хоншоорын хатуу тагнай өөр хоорондоо нийлээгүйн уллмаас амны хөндий ба хамрын хөндий өөр хорондоо шууд харьцдаг. Хүүхдэд тагнайн сэтэрхий үүсэх нь уруулын сэтэрхийгээс илүү ноцтой асуудал үүсгэх бөгөөд энэ хоёр төрлийн эмгэгийг аль алиныг нь мэс заслын аргаар эмчлэх шаардлага тавигддаг.

Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдэд хөхөө хөхөх, хоол хүнс идэх, амьсгалах, ярих зэрэг физиологийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүндрэл үүснэ. Энэхүү амны хөндийн таагүй нөхцөл байдлыг засахад гоо сайхны нөхөн сэргээх мэс засалч, эрүү нүүрний мэс засалч, чих хамар хоолойн эмч, ерөнхий мэргэжлийн шүдний эмч, гажиг заслын эмч нарын нягт хамтын ажиллагаа шаардлагатай.

Хүүхэд уруул, тагнайн сэтэрхийтэй бол түүнийг яаж мэдэх вэ?

Хүүхдийг төрөхөөс өмнө ЭХО буюу хэт авианы оношлогооны тусламжтайгаар хүүхдийн эрүү нүүр орчимд согог, гажиг байгаа эсэхийг тодруулж, оношлуулах боломжтой. Харин хүүхдийг төрсөний дараа бол таны хүүхдийг эх барьж авсан эмч хамгийн түрүүнд хүүхэд уруул тагнайн сэтэрхийтэй байгаа талаар танд ямар нэгэн арга замаар мэдээлэл өгөх байх. Үнэндээ хүүхэд уруулын сэтэрхийтэй төрсөнийг мэдэх тийм ч хэцүү биш. Тагнайн сэтэрхийн хувьд хэмжээний хувьд жижиг заадалаас томоохон хэмжээний завсар хэлбэртэй зэрэг янз бүр байх ба хүүхдийг төрсөний дараа хэмжээнээс хамааран шууд мэдэгдэхгүй ч аажимдаа мэдэгдэнэ. Хэрэв хүүхдийг анх хөхөөр хооллох үед хөхний сүү хамраар нь буцаж гараад байвал энэ нь тагнайд ямар нэгэн асуудал байгааг илтгэх ба тусгай зориулалтын угж ашиглаж хүүхдийг мэс засал хийх хүртэл тусгай аргачлалын дагуу асран хамгаалах хэрэгтэй гэсэн үг.

Уруул, тагнай сэтэрхийг хэрхэн эмчлэх вэ?

Уруулын сэтэрхийн мэс засал нь танайн сэтэрхийн мэс засал хийхээс хамаагүй хялбар бөгөөд мэс ажилбарыг хүүхдийг төрсөний дараа 3–4 сарын хойно хийх ба хүүхэд томрох тусам мэс заслын сорви аажимдаа алга болдог.

Тэгвэл тагнайн сэтэрхийг хүүхдийн хоншоорын ясны хөгжил хэвийн болтол 1–2 нас хүртэл хүлээж байж мэс засал хийнэ. Хэрэв тагнайн согог том хэмжээтэй бол хүүхдийн эрүү хоншоорын бүтцийн асуудал үүсгэхээс сэргийлэн 5–7 нас хүртэл нь хүлээх хэрэгтэй. Зарим тохиолдолд зөвхөн мэс заслын аргаар танайн цоорхойг нөхөх боломжгүй байх нь бий. Энэ тохиолдолд хиймэл шүд мэт хэлбэртэй тагнайн тээг хэмээх аппаратыг хоол унд идэх зорилгоор зүүнэ.

Уруул тагнайн сэтэрхийн хүндрэлийн зэргээс шалтгаалан нэлээд урт удаан хугацааны турш дараалсан олон удаагийн мэс засал хийж болзошгүй тохиолдол ч байна. Нүүр амны гоо сайхны, нөхөн сэргээх мэс засалч, эрүү нүүрний мэс засалчид хамтран нүүрний хэлбэрийг засах мэс засал хийх бөгөөд амны хөндийд үүссэн бусад согогийг засаж нөхөн сэргээхэд ерөнхий мэргэжлийн шүдний эмч, гажиг заслын эмч, чих хамар хоолойн эмч, авиа зүйн мэргэжилтэн нар хамтран ажиллана.

Танай хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтран ажиллах эмч, мэргэжилтнүүдиийн баг хүүхэд төрсөнөөс мэс засал хийлгэх хүртэл бие махбодийн ба сэтгэл санааны хүнд хэцүү үеүүдэд танд удирдамж, зааварчилгаа, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана. Өнөө үед мэс заслын эмчилгээний техник ажилбар цаг үргэлж сайжирч боловсронгуй болж байгаа, эмчилгээний бусад төхөөрөмж, зэмсгүүдийн үйл ажиллагаа ч сайжирсантай холбоотойгоор уруул, тагнайн сэтэрхийн мэс заслын гүйцэтгэл өндөр дээд түвшинд хүрсэн тул санаа зовох зүйлгүй. Хүүхэд том болж нас биед хүрсэн хойноо уруул тагнайн сэтэрхий байсан гэх маш өчүүхэн шинж тэмдэг л мэдрэгдэж болох юм.

--

--