Шүд цайруулах ( Bleaching Teeth )

GANTUMUR.DDS
3 min readOct 27, 2017

--

Өнгө хувирсан шүдийг төрөл бүрийн химийн нэгдэл агуулсан цайруулагч материал ашиглаж эмнэлгийн нөхцөлд болон гэрийн нөхцөлд цайруулалт хийх боломжтой.

Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулахдаа шүдний гадаргууд маш хүчтэй үйлчилдэг цайруулагч бодис ашигладаг. Энэ аргаар шүд цайруулахад хэд хэдэн удаагийн ирэлт шаардагдах бөгөөд өвчтөний зүгээс арай өндөр төлбөр төлөх хэрэгтэй болно.

Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулахдаа цайруулах шүдийг хөрш шүднүүдээс тусгаарладаг.

Шүдний эмнэлгийн орчиноос өөр газар бол шүд цайруулалт нь өдөр тумын энгийн ажилбар юм. Ингэхдээ тухайн хүн шүд цайруулагч бодисыг өөрийн шүдний эгнээнд тохирох зориулалтын бүрээсэнд хийгээд шүдэндээ зүүж тухайн цайруулагчийн зааврын дагуу 30 мин-аас цаг хүртэл хугацаанд зүүдэг. Цайруулагчид хэдэн долоо хоног хэрэглэ гэсэн байна тэр зааврын дагуу тохирох хугацаанд зүүж хэрэглэнэ.

Шүд цайруулагч хийгээд шүдэнд зүүдэг зориулалтын бүрээс (Tray)

Хэдийгээр гэрийн болон ажлын газрынхаа орчинд шүд цайруулах нь эмнэлгийн нөхцөлд цайруулахаас удаан хугацаа шаардлагатай ч ихэнх хүмүүс энэ сонголтыг эмнэлэгт очсоноос илүү боломжит хувилбар гэж үзэх нь бий. Гэрийн нөхцөлд ч бай эмнэлгийн нөхцөлд ч бай аль аль нь үр дүнтэй арга бөгөөд ялангуяа хүнсний будагаас үүдэлтэй бор, шаргал, шар өнгийн шүдний өнгөний өөрчилөлтөнд илүү сайн үйлчилдэг.

1. Давуу тал

Шүд цайруулалтын дараа өнгө харьцангуй тогтвортой сайн хадгалагдах бөгөөд шүдэнд ломбо тавих нөхөн сэргээх эмчилгээ хийх зэргээр бүтцийг нь өөрчилөх ямар нэг ажилбар хийгээгүй л бол хэвээрээ байх боломжтой. Шаравтар, шаргал, хүрэн өнгийн нөсөө толбо нь шүд цайруулалтанд маш сайн арилдаг. Гэрийн нөхцөлд болон эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах нь хоёулаа үр дүнтэй арга бөгөөд үнэ өртгийн хувьд 2 арга хоёулаа шүдийг өөр төрлийн нөхөн сэргээх аргаар өнгийг нь сэргээхээс илүү хямд байдаг.

2. Сул тал

Шүд цайруулах явцдаа зааврын дагуу цагийг ягштал баримтлах шаардлагатай төдийгүй зарим нэг нэмэлт зардал гарахыг ч үгүйсгэхгүй. Зарим нэг нөсөө толбо (саарал, хөхөлбөр, судалтсан, цоохортсон) шүд цайруулагчийн өнгө тохируулагчид байхгүй байх бөгөөд энэ нь тийм өнгө засагдахгүй гэсэн үг. Гэхдээ л шүд цайруулалтын султ тал нь сайн талаасаа хамаагүй цөөн гэдгийг санаж урам хугарахгүй байх хэрэгтэй.

3. Эрсдэл

Шүд цайруулалтын явцад маш ховор тохиолддог ч зарим нэг сөрөг нөлөө илэрдэг. Хамгийн их тохиолддог сөрөг нөлөө нь шүд цайруулалтын дараа хэсэг хугацаанд хүйтэн зүйл уух, идэх үед шүд хэт мэдрэг болж “хагаташиж” өвдөх юм(1). Мөн шүд цайруулалтын дараа буйлны ирмэг гуужих, улайх зэргээр цочирлын шинж тэмдэг илрэнэ(2). Гэрийн нөхцөлд шүд цайруулалт хийсний дараа цайруулалтын бүрээс удаан зүүсний улмаас эрүүний үеэр чилж эмзэглэх шинж тэмдэг илэрч болно(3). Гэхдээ эдгээр шинж тэмдэгүүд нь удалгүй арилах бөгөөд шүдний бүтэц, биеийн эрүүл мэндэд хор нөлөө учруулахуйц ноцтой зүйл биш юм. Дэлхийн сая сая хүмүүс шүд цайруулагчийг хэрэглэж байгаа боловч өнөөг хүртэл ноцтой сөрөг нөлөө илэрсэн тохиолдол байхгүй байна.

4. Эмчилгээний хувилбар

Шүд цайруулах эмчилгээг орлуулж болох хэд хэдэн хувилбар байх бөгөөд тэдгээрээс та сонгож өөрийн шүдний нөхцөл байдалд тохируулан хэрэглэх боломжтой.

  1. Шүдийг зүлгэж өнгөлөх
  2. Шүд пааландах

3. Шүдний нүүрэвчийн гадаргууд хуванцар эсвэл шаазан материалаар хийсэн нүүрэвч (Veneer) наалгах

4. Бүрээс (Crown) хийлгэх

5. Төлбөр

Дээрх эмчилгээний хувилбаруудаас шүдийг зүлгэж өнгөлөх нь харьцангуй өртөг хямд эмчилгээ. Шүд пааландуулах нь өртгийн хувьд дундаж түвшнийх бол нүүрэвч, бүрээс хийлгэх нь харьцангуй өртөг өндөр эмчилгээнд тооцогдно. Шаазан нүүрэвчийг дэлхий дахинд Hollywood Smile нэрээр нь сайн мэддэг бөгөөд Холливудын одод, дэлхийн хэмжээний урлаг соёлын одуудын дунд ихээхэн тархсан гоо сайхны эмчилгээ учир ингэж нэрлэж хэвшсэн түүхтэй.

6. Шүдээ цайруулалгүй тэр чигт нь үлдээх

Шүдээ цайруулалгүй тэр хэвээр нь байлгах нь хэдийгээр шүдний талаасаа ямар нэг өвчин эмгэг үүсэх эрсэдэл байхгүй ч хувь хүний нийгмийн харилцаанд сөрөг үр дагавар учруулж болно. Орчин үеийн нийгмийн үнэлэмжийн томоохон хэсэг нь хувь хүний соёлч боловсон харилцаа бол соёлч боловсон харилцааны чухал хэсэг нь нүүр дүүрэн инээмсэглэл юм. Шүдний өнгө өөрчлөлттэй хүнд нүүр дүүрэн инээмсэглэх боломж тэр бүр байхгүй гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх бизээ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet