Шүдний эмч нарын мэргэшлийн ялгааг мэдэх үү
Энгийн хүмүүс эмчийн мэргэжил мэргэшлүүдийг төдийлөн сайн ялгаж ойлгодоггүй байсан үе бий. Эмч л бол эмч гэж ойлгодог байсан бол одооноос арай дээрдэж шүдний эмч бол шүдний эмч бөгөөд бусад эмч нараас арай өөр зүйл эрхэлдэгийг ялгадаг болсон. Өмнө нь бол зүрх, уушиг, элэг, бөөр, эмэгтэйчүүд, хүүхдийн өвчний талаар шүдний эмчээс асууж зөвлөгөө авах гээд мэдэхгүй гэвэл эмч байж яахаараа мэддэгүй юм гэж гайхах, ундууцах тохиолдлуудтай ч таардаг байлаа.
Гэхдээ л шүдний эмч нар дотроо мэргэшил үүргийн хувьд олон янз байдгийг бас л одоохондоо ялгахгүй хэвээр. Хэдийгээр шүдний салбар хувьд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш нэг эмч олон эмчийн үүргийг гүйцэтгэж орон тоо хэмнэж ажиллахыг хичээх болсон ч тэр олон нэрийн мэргэшлийг нэгэн зэрэг эзэмшсэн, мэдлэг чадвартай “супер эмч” байх боломж тэр бүр хомс юм. Амны хөндийн өвчин эмгэгийг олон төрлийн үүрэг бүхий мэргэжилтнүүд багаар ажиллаж байж төгс зөв эмчилдэг болохыг хөгжингүй орнуудын бэлхэн жишээ харуулж байна.
Манай орны хувьд дараах нарийн мэргэшлийн шүдний эмч нарыг бэлтгэн гаргаж байна.
1.Нүүр амны ерөнхий мэргэжлийн эмч
Нүүр ам судлалын сургуулийн бакалаврын сургалтыг суралцаж төгсөж буй эмч нар Нүүр амны их эмч гэсэн дипломтой төгсөдөг. Энэ бол нүүр амны чиглэлээр өргөн тарсан тодорхой өвчин эмгэгийн эмчилгээ хийх эрхтэй гэсэн үг юм. Гэсэн хэдий ч энэхүү эрх нь хязгаарлагдмал бөгөөд Ерөнхий мэргэжлийн эмчийн гүйцэтгэх үүрэгт заагдаагүй бусад төрлийн эмчилгээ үйлчилгээ явуулах эрх авахын тулд цаашид Резидентийн сургалтанд хамрагдан нарийн мэргэшил эзэмших шаардлагатай байдаг.
Ерөнхий мэргэжлийн эмч нар нь АНУ-д D.D.S ба D.M.D гэсэн зэрэг дэвээр ажилладаг. АНУ-ын зарим хэсэгт B.D.S, M.D ба M.B зэрэгтэй эмч нар ажиллах нь бий. Манай улсын хувьд ахлах, тэргүүлэх зэрэгтэй эмч гэх мэтээр зэрэглэл тогтоодог. Ерөнхий мэргэжлийн эмч нь цаашдаа дараах байдлаар мэргэших боломжтой.
2.Шүдний сувгийн эмчилгээний эмч -Endodontist
Endodontics буюу шүдний сувгийн эмчилгээний эмч болохын тулд олон улсын жишгээр хамгийн багадаа хоёр жилийн резидентийн сургалтанд мэргэших ёстой байдаг бол манай улсын хувьд тухайн эмч өөрөө хүсвэл резидентийн сургалтанд хамрагдаж болох боломжтой.
Ихэнхдээ бол сургууль төгссөн шинэ эмч нар энэ чиглэлээр дадлага туршлагатай эмч нарыг дагалдан ажлын байран дээрээ мэргэших нь элбэг. Энэ мэргэшлийн эмч нь шүдний доторх зөөлөн эдийн үрэвслийг эмчилнэ. Шүдний дотор талд байдаг судас мэдрэлийн багцыг зөөлц гэнэ.
3. Хүүхдийн шүдний эмч -Pediatric Dentist
Олон улсын жишгээр хүүхдийн шүдний эмч нь хүүхдийн нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар 2 жилийн резидентийн сургалтанд хамрагдаж байж эмчлэх эрх авдаг. Манай орны нөхцөлд өөрсдөө энэ чиглэлээр сонгон суралцаж практик дадлага хийснээр хүүхдийн шүдний эмч болох боломжтой байдаг.
Хүүхдийн шүд нь том хүнийхээс ялгаатай төдийгүй хүүхдийн сэтгэлзүйд тохируулж ажиллах маш түвэгтэй учир хүүхдийн шүдний эмчээс маш их мэргэжлийн ур чадвар болон харилцааны ур чадвар шаардагддаг.
4.Шүдний тулгуур эдийн эмч -Periodontist
Буйлны үрэвсэл, амны хөндийн тулгуур эд болон холбоос эдийн өвчлөлийг эмчилдэг тусгай мэргэшлийн эмч. Эдгээр эмч нар нь шүдний тулгуур эд (яс, зөөлөн эд) болох буйл ясны өвчлөлийг (буйлны үрэвсэл, холбоос эдийн үрэвсэл, бусад) онол болон дадлагын мэдлэг, чадварыг резидентийн сургалтаар олж авдаг.
Тулгуур эдийн үрэвсэл янз бүрийн шалтгааны улмаас үүсч даамжирсан явцтай хүндэрч сүүлдээ шүдийг авахаас өөр аргагүй байдалд ч хүргэж болох архаг өвчин юм. Эмчилгээний арга барил нь өвөрмөц тул зайлшгүй тусгай мэргэшлийн эмч шаардагддаг.
5. Нүүр амны согог засалч (Хиймэл шүдний) эмч -Prosthodontist
Шүд бол өөрийн жамаараа хэзээ нэгэн цагт унадаг. Шүд унах нь түүнээс шалтгаалсан олон төрлийн хүндрэлийг учруулж байдаг. Иймд өвчний улмаас, гэмтлийн улмаас, хөгшрөлтийн улмаас жамаараа унасан шүдийг дахин нөхөн сэргээхэд Нүүр амны согог засалч эмч шаардлагатай байдаг. Манай улсад 2 жилийн резидентийн сургалтааар авагддаг болон авагддаггүй хиймэл шүдэлбэр хийх мэдлэг чадвартай нүүр амны согог засалч эмчийг бэлтгэж байна.
Түүнчилэн Согог засалч эмч нь Эрүү нүүрний хавдарын мэс заслын дараа хүний нүүрний төрхийг сэргээх хиймэл эрхтэн хийх чиглэлээр Эрүү нүүрний согог засалч болж нарийн мэргэшдэг.
6. Нүүрний амны мэс засалч -Oral surgeon
Шүд авах болон шүд, эрүү нүүрний орчмын буглаа нэвчээсийг нээх мэс ажилбар гүйцэтгэдэг эмч юм. Одоогоор 2 жилийн резидентийн сургалтаар бэлтгэж байна. Энэ мэргэжилээс нүүр амны гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засалч төрөн гардаг.
7. Нүүр амны гажиг засалч эмч -Orthodontist
Хүүхдийн болон насанд хүрэгчдийн шүдний эгнээний гажигийг засаж тэгшлэх үйл ажиллагаа гүйцэтгэдэг шүдний эмч юм. Одоогоор 2 жилийн резидентийн сургалтаар бэлтгэж байна.
Гажиг заслын эмчилгээ нь 2 жил хүртэл хугацаагаар үргэлжилдэг өвөрмөц оношлогоо, эмчилгээний тактик шаарддаг нарийн түвэгтэй ажилбар юм.
8. Нүүр амны эрүүл ахуйч -Hygienist
Тухайн газар зүй, хүн амын онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй шүдний эмчийн туслах юм. Эмчилгээний үйл явцад өвчтөний амны хөндийн эрүүл ахуйн байдлыг хянах, зөвлөгөө өгөх, эмчийн үйл ажилагаанд туслах үүрэг гүйцэтгэдэг.