Шүдний үзлэгийн креслын усны шугамын халдвар хамгаалал ба арчилгаа

GANTUMUR.DDS
5 min readMay 28, 2018

--

Шүдний эмнэлэгт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид үзлэгийн явцад хэрэглэж байгаа ам зайлах ус болон усан хөргөлтөд ашиглаж байгаа усыг ердийн крантны устай харьцуулахад илүү цэвэрхэн байдаг гэж боддог. Гэтэл үзлэгийн креслийн усны шугамд зүй зохистой арчилгааг цаг тухайд нь хийж байхгүй бол өвчтөний амны хөндийд орж байгаа ус бидний боддогоос илүү аюултай элдэв төрлийн нянгуудаар халдварлагдсан байх боломжтой. Уг нь бол цэвэр усны эх үүсвэрээс трубагаар дамжиж ирж буй усны чанар болон шүдний креслод байгаа усны чанар адил байх ёстой мэт санагдаж болох ч шүдний креслийн ус дамжуулах суваг хоолой нь маш нарийн диаметртэй төдийгүй ердийн усны хоолойг бодвол усны эргэлтийн давтамж бага, зогсонгшилт ихтэй байх тул энэ нөхцөл байдал нь усны шугамд нян үржих боломж олгож хоолойн дотор хананд нянгийн хальсан бүрхүүл биофильм тогтоно.

АНУ-ын Environmental Protection Agency (EPA) байгууллага уух усны чанарын стандартыг тогтоодог. Энэ стандартын дагуу ундны ус нь миллилетр тутамд агуулагдах гетеротрофик нянгийн colony forming units (CFU) үзүүлэлт 500 ба түүнээс бага байх ёстой. Тэгвэл Америкийн Шүдний эмч нарын Холбоо шүдний эмнэлэгт энэ үзүүлэлтийг 200 CFU ба түүнээс бага байх шаардлага тавьдаг. Гэтэл шүдний эмнэлгийн үзлэгийн креслийн усны шугамд шаардлагатай арчилгааг хийхгүй бол энэ үзүүлэлт маш түргэн хугацаанд 200,000 CFU болох боломжтой бол халдварын хэмжээ 1000 0000 CFU болсон тохиолдол ч бүртгэгдсэн байдаг.

Нянгийн халдварын эх сурвалж

Шүдний эмнэлгийн креслын усан шугамд хуримтлагдах ихэнх нянгууд нь нийтийн усан хангамжийн эх үүсвэрээс гаралтай боловч зарим нэг нь шүдний креслийн ус/агаарын системд сорогдсон нянгийн гаралтай байж болно. Гэхдээ эдгээр нянгийн халдваруудын дийлэнх нь зөвхөн тодорхой нөхцөл байдалд л идэвхжих шинж чанартай тул эрүүл хүнд ямар нэгэн өвчин эмгэг үүсгэх эрсдэл бага. Харин өвчтөн эрүүл мэндийн асудалтай нэн ялангуяа дархлалын ситемийн доройтолтой бол, химийн эмчилгээнд хамрагдаж байгаа бол, эрхтэн шилжүүлэн суулгасан бөгөөд дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа бол шүдний эмнэлгийн усны шугамд агуулагдах нян микроб нь эрсдэлт хүчин зүйл болно. Шүдний эмнэлгийн усан шугамаас шалтгаалсан халдарыг баримтжуулах нь маш хэцүү байдаг боловч 2012 онд анх удаа шүдний эмнэлгийн усан хангамжаас шалтгаалсан Legionnaires disease өвчнийг баримтжуулж баталгаажуулсан нь томоохон шуугиан дэгдээсэн асуудал болсон байна.

Усны чанарыг сайжруулах стратеги

Centers for Disease Control and Prevention (CDC) байгууллагаас шүдний креслийн усны чанарыг сайжруулах төрөл бүрийн зөвлөгөөг өгдөг. Үүний нэг нь өвчтөн бүрийн дараа усны крантыг 20–30 секунд нээж урсгах явдал юм. Ийнхүү усыг урсгах үед усан шугамд байх нянгийн хэмжээ хоргодох боловч үйлчлэл нь түр зуурын байна. Усны урсгал зогсоход нянгийн тоо маш түргэн хугацаанд нэмэгдэж урсгахаас өмнөх байдалд орж хоолойн доторх нянгийн хальсан бүрхүүлийн хэмжээ нэмэгдэнэ. Хоолойн доторх нянгийн хальсан бүрхүүл биофильм үүсэлтийг л хяналтанд авч чадахгүй бол тусгай саванд хийсэн ус ашиглах, нэрмэл ус ашиглах, бичил фильтр бүхий ус ашиглах аль аль нь үр дүнгүй. Иймд шүдний мэс ажилбарын үед креслийн усан шугамны усыг биш ариутгасан цэвэр ус ашиглахыг зөвлөдөг нь энэ. Хоолойн доторх нянгийн хальсыг арилгах ба идэвхгүй болгохын тулд шүдний эмнэлгийн усны чанарт хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний химийн гаралтай бодис ашиглана.

Шүдний креслийн усыг халдваргүйжүүлэх

Шүдний креслийн усан хоолойд үүссэн нянгийн хальсан бүрхүүлийг арилгахын тулд тодорхой хугацааны давтамжтай “шок” арчилгаа хийх эсвэл усан шугаманд химийн гаралтай халдваргүйжүүлэх бодисыг байнга байлгах гэсэн хоёр төрлийн аргын аль нэгийг сонгоно. Шок арчилгаа гэдэг нь усан шугаманд нэг удаа халдваргүйжүүлэх бодис юүлээд усыг зайлж гаргах юм. Харин бодисыг байнга байлгах аргачлал нь тусгай зориулалтын төхөөрөмжийн тусламжтайгаар усны шугамд халдваргүйжүүлэх бодисыг алгуурхан байнга ялгаруулж байх явдал юм. Гэхдээ энэ хоёр аргачлалыг хоёуланг нь хослуулсан бүтээгдэхүүнүүд ч байдаг. Шүдний эмнэлгийн усан хангамжийг ариутгах, халдваргүйжүүлэх зориулалтын бүтээгдэхүүнүүд нь заавал АНУ-ын Environmental Protection Agency (EPA) байгууллагад бүртгэгдсэн байх ёстой.

Шүдний креслийн усан хангамжид хяналт тавих

АНУ зэрэг хөгжингүй орнуудад шүдний эмнэлгийн мэргэжилтнүүдийг усан хангамжийн чанар, халдваргүйжүүлэх арга барил арчилгааны чиглэлээр заавал сургалтанд хамрагдахыг шаарддаг. Шүдний эмнэлгийн усан шугам бохирдолд өртсөн байлаа ч түүнтэй холбоотой хэрэглэгчийн гомдол гарах нь бараг байхгүй гэж болно. Иймд АНУ-н CDC байгууллагын зүгээс шүдний эмнэлгийн усан хангамжийн чанар ба тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах зорилгоор байнгын хяналт үнэлгээ хийж байхыг зөвлөдөг. CDC байгууллагын зүгээс шүдний кресло үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч ба усан хангамжийн системийн үйлдвэрлэгчээс тухайн төхөөрөмжид хяналт үнэлгээ хийх хамгийн сайн аргачлалыг эмнэлгийн ажилтнуудад зааж сургахыг шаарддаг. 2015 онд CDC-н зүгээс гаргасан шүдний эмнэлгийн халдвар хамгааллын удирдамжид усан хангамжийн халдваргүйжүүлэлт, арчилгааг тусгаж өгсөн байна.

Шүдний креслийн усан хангамжийн систем ажиллагаа доголдолгүй хэвийн байгаа ч гарч байгаа уснаас дээж авч нягийн бүтэц бүрэлдэхүүний хэм хэмжээг шалгаж үзэх хэрэгтэй. Ийнхүү креслийн усан хангамжаас дээж авч баталгаажуулж байх нь сүүлд ямар нэгэн байдлаар гомдол гарсан үед өөрсдийгөө хамгаалах баримт болно. Энэ зорилгоор усны чанар шалгадаг сорилын тест ашиглах эсвэл усны дээжийг усны чанар шалгадаг лабораторид явуулах байдлаар шийдэж болно.

Шүдний эмнэлгийн усны шугамыг арчлах санамж

  • Өвчтөн болгоны дараа шүдний эмнэлгийн усан хангамжийг шугамтай холбогдсон бүх төхөөрөмжийг (handpieces, ultrasonic scalers, and air/water syringes) 20–30 сек ажиллуулж усыг шавхана
  • Шүдний креслийн зориулалттай усны шугамд ус халаагч төхөөрөмж холбох хэрэггүй
  • Шүдний эмнэлгийн усан хангамжийг халдваргүйжүүлэх заавар зөвлөмжийг анхааралтай унш. Үүний үндсэн дээр “шок” арчилгаа хийх боломжтой эсэхийг мэдэж авна.
  • Халдрваргүйжүүлэх бодисыг хөргүүр ба зайлах зориулалтаар ашиглах
  • Хэрэв кресло савласан ус ашиглахаар заагдсан бол төвийн усан хангамжийн ус болон бусхад төрлийн төвлөрсөн усанд холбогддог төхөөрөмж ашиглаж болохгүй
  • Креслийн усны шугамд химийн бодис хийхээсээ өмнө үйлдвэлэгчээс боломжтой эсэхийг заавал шалгаж асуух хэрэгтэй.

Нэмж унших материал:

1. Kohn WG, Collins AS, Cleveland JL, et al; Centers for Disease Control and Prevention (CDC). Guidelines for infection control in dental health-care settings — 2003. MMWR Recomm Rep. 2003;52(RR-17):1–61.

2. Molinari JA, Harte JA, eds. Practical Infection Control in Dentistry, 3rd ed. Baltimore, MD: Lippincott Williams & Wilkins; 2010:64–69.

3. Cleveland, J, Gray, S. Update of CDC’s Infection Prevention Guidelines for Dental Healthcare Settings. OSAP Symposium Proceedings 2013. http://c.ymcdn.com/sites/www.osap.org/resource/resmgr/Symposium_2013/OSAP.2013Symp.Proceedings.pdf. Accessed August 14, 2014.

4. Molinari J, Nelson P. Dental waterline infection control. The Dental Advisor. 2014;31(5).

--

--