Шүдэлбэр (хиймэл шүд) ба имплант эмчилгээ. Аль нь илүү амьдралын чанар (QOL)-ын үзүүлэлтийг сайжруулдаг вэ?
Хүн нас өтлөөд шүдгүй болохын цагт шүдээ ямар нэгэн хиймэл шүдэлбэрээр сэргээх шаардлага зайлшгүй тулгардаг. Тэгвэл өнөөг хүртэл шүд нөхөн сэргээх салбарт шүдний имплант эмчилгээг өвчтөний амьдралын чанарыг илүү сайжруулахад тустай гэж үздэг бол шүд нөхөн сэргээх өөр аргачлалууд буюу бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр зэрэг авагддаггүй шүдэлбэр нь имплантаас үнэ өртөгийн хувьд илүү боломжийн гэдгээрээ бас нэг чухал сонголтын нэг болсоор ирсэн. Тэгвэл шүд нөхөн сэргээх аргачлалуудын үнэ өртөгийн хувьд таатай байдлын нөлөөллийг судлах нэгэн судалгааг Япон судлаачид хийсэн нь BMC Oral Health сэтгүүлд нийтлэгджээ.
Энэхүү судалгаанд имплант эмчилгээ, авагддаггүй шүдэлбэр ба авагддаг шүдэлбэр эмчилгээний урт хугацаанд үзүүлэх үнэ өртөгийн нөлөөлөл ба амьдралын чанарын асуудлыг харьцуулан судалсан байна.
“Өнөөг хүртэл хугацаанд амьдралын чанарын үзүүлэлтийг эдийн засгийн талаас нь судалсан судалгаа маш цөөхөн хийгдсэн байна” гэж судалгааны багийн ахлагч Японы Осака Их Сургуулийн Имплантын тэнхмийн багш Arai Korenori хэлж байна.
Эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх гэдэг нь эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй технологиудыг эдийн засаг, нийгэм судлал, ёс зүй, бүтэц зохион байгууллтын талаас нь судалж иж бүрэн дүгнэлт гаргах ажиллагаа юм. Энэ ч утгаараа энэ удаагийн судалгаанд судлаачид өөрсдийн ашиглаж буй эрүүл мэндийн технологийн үнэ өртгийн тааламжит байдлыг амьдралын чанарын үзүүлэлттэй харьцуулан судлахаар уг судалгааг гүйцэтгэсэн байна.
Судлаачид үнэ өртгийн судалгааг гүйцэтгэхдээ Япон улсад өнөөдөр ашиглагдаж байгаа эрүүл мэндийн даатгалын системийг тулгуур болгожээ. Японы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь өнөөдөр зөвхөн алт, мөнгө, паллади зэрэг хайлшаар хийсэн шүдэлбэрийг хамруулж байгаа юм. Гэтэл авагддаггүй хиймэл шүдэлбэр ба имплант зэрэг нь өөр төрлийн материалаар хийгдсэн тул эрүүл мэндийн даатгалаас нөхөн олговор олгодоггүй. Судлаачид Осака Их Сургуулийн эмнэлэгт авагддаггүй шүдэлбэр (FDP), авагддаг шүдэлбэр (RPD) ба имплант эмчилгээ хийлгэсэн 560 өвчтөнийг судалгаанд хамруулж, амьдралын чанарын үзүүлэлт(QOL)-ийг амны хөндийн эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд тулгуурлан 0–1 оноогоор дүгнэсэн байна. 0 оноо нь сэтгэл ханамжийн байдал хамгийн мууг илэрхийлэх бол 1 оноо нь хамгийн өндөр сэтгэл ханамжтай гэсэн үзүүлэлт юм. Япон улсын 50–59 насны хүн амын амьдралын чанарын үзүүлэлт дунджаар 0.84 байсан байна.
Имплант эмчилгээ хийлгэсэн хүмүүс 0.88 буюу хамгийн өндөр амьдралын чанарын үзүүлэлттэй бол авагдаггүй шүдэлбэр болон авагддаг шүдэлбэр эмчилгээ хийлгэсэн хүмүүс тус бүр 0.83, 0.71 оноогоор удаалж байна.
“Амьдралын чанарын үзүүлэлтийг урт хугацаанд авч үзвэл авагддаггүй шүдэлбэр болон имплант эмчилгээ нь аль аль нь тэр нь сайн гэх ялгаагүй байна. Имплант унах эсвэл үйл зүйн хувьд чадамжгүй болсон авагддаггүй шүдэлбэрийг буцааж авах зэрэг алдаа нь аль алиных нь сөрөг тал боловч аль нэг нь сайн аль нэг нь муу гэх үндэслэл болохгүй” гэж судалгааны багийн ахлагч дүгнэж байна.
Шүдэлбэрийн үнэ өртгийн таатай байдлыг судлаж үзэхэд өөрөөсөө төлбөр гаргах тийм ч дуртай биш хүмүүсийн хувьд даатгалаас санхүүждэг авагддаг шүдэлбэр нь илүү таатай сонголт болох нь харагдаж байна. Нэг ширхэг имплант зоох нь авагддаггүй шүдэлбэртэй харьцуулахад үнэ өртөгийн хувьд байж болох таатай сонголт боловч авагддаггүй шүдэлбэрээс даруй 2150 ам.доллараар илүү үнэтэй болж байна.
“Бидний судалгаагаар эрүүний араа шүдэнд суулгах нэг ширхэг имлант эмчилгээ нь амьдралын чанарын үзүүлэлтээр бусад шүдэлбэрээс сайн болох нь тогтоогдсон ч дээрх шүдэлбэрүүдийг урт хугацаанд үнэлж үзэхэд даатгалаас санхүүждэг авагддаггүй шүдэлбэр нь үнэ өртөгийн хувьд хамгийн боломжит хувилбар байлаа” гэж өгүүллийн дүгнэлт хэсэгт цохон тэмдэглэсэн байна.