Эрүүний үений эмгэгийн тухай ерөнхий ойлголт

GANTUMUR.DDS
3 min readOct 27, 2017

--

Тодорхойлолт

Эрүүний үений эмгэг буюу Temporomandibular disorder (TMD) гэдэг нь эрүүний үе, зажлуурын булчингийн өвдөлт болон үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг эмгэг өөрчлөлт юм. Анагаахын шинжлэх ухаанд эрүүний үений талаар анх 1934 онд James Costen “Costen syndrome” нэрээр нэвтрүүлж, 1950-аад оноос хойш “TMD” нэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрчимтэй хийгдэж, хурдацтай хөгжиж байна. (Хэдийгээр эрүүний үений эмгэгийн талаарх асуудал эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хурдацтай хөгжиж буй боловч эмнэл зүйн салбарт удаан нэвтэрч байна).

Зажлуурын тогтолцоо

Эрүүний үений анатоми бүтэц, үйл ажиллагаа болон түүний эмгэг өөрчлөлтийг судлахад “зажлуурын тогтолцоо” гэх цогц ойлголт чухал. Зажлуурын тогтолцоо нь дээд зэргийн нэгдмэл үйл ажиллагаатай бүтэц бөгөөд зажлах, ярих, залгих зэрэг хүний физиологийн үйлдлүүдийг хамруулан ойлгож болно. Мөн амтлах болон амьсгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зажлуурын тогтолцоонд яс, булчин, холбоос, шүд зэрэг анатомын хэсгүүд хамаарагдах ба мэдрэлийн нарийн үйл ажиллагаа ч энэ бүрэлдэхүүнд багтдаг байна. Эрүүний үений нарийн хөдөлгөөн нь түүнийг тойрон байрлах булчингуудын тусламжтайгаар явагдах бөгөөд эдгээр механик болон физиологийн хөдөлгөөнууд нь зажлуурын үйл ажиллагааны үндэс юм. Мөн зажлуурын тогтолцоо нь анатоми болон биомеханикийн талаас шүдний эгнээ болон хоршихуйн тухай ойлголт юм.

Эрүүний үений эмгэг (TMD) нь зажлуурын тогтолцооны өвдөлт болон үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг бөгөөд ихэнх тохиолдолд хөнгөн, удаан явцтай байдаг байна. Хэдий тийм боловч зарим тохиолдолд хүндэрч эмчлэхэд бэрхшээлтэй болдог.

Судалгаануудаас харахад эрүүний үений эмгэгийн бүх тохиолдлуудын 90–95% нь эрүүний үений анатомийн хэсгүүдэд өөрчлөлт ороогүй боловч нүүр амны булчингын өвдөлт болон зажлах үйл ажиллагааны алдагдлаар илэрсэн байдаг. (20–40 насны хүмүүст ихэвчлэн тохиолдоно. Хүйсийн хувьд: эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү өртөмтгий байдаг).

TMD үүсэх шалтгаан, эмнэлзүй

TMD үүсэх олон шалтгаан байх бөгөөд эрүү нүүрний гэмтэл тэр дундаа эрүүний үений толгойн хугаралаас эхлээд дархлааны тогтолцооны эмгэг, мэдрэлийн өвчин, хавдар гэх мэт олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. TMD үед зажлуурын булчингын үйл ажиллагааны алдагдлаас шалтгаалсан шүдээ хавирах, эрүүний үе хөдөлгөхөд өвдөлттэй байх, эрүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинжүүд эмнэл зүйд ихээхэн тохиолддог. (Одоогоор зуултын гажиг нь TMD үүсэхэд чухал нөлөөгүй гэж үзэж байгаа бөгөөд гажиг заслын эмчилгээ болон эмчилгээний явцад шүд авахуулсан байсан ч TMD үүсэх хангалттай шалтгаан болохгүй юм).

TMD үүсэх өөр нэгэн сонирхолтой бөгөөд анхаарах шалтгаанууд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зайлшгүй заалтуудтай холбоотой үүсдэг байна. Тухайлбал амыг удаан хугацаагаар ангайлгах, хүчээр ам тэлэх, ерөнхий унтуулгын үед интубаци тавих, шүд авах мэс ажилбарууд… гэх мэт. (Хэдийгээр эдгээр нь шууд TMD үүсэх хангалттай шалтгаан биш боловч эмч нар анхааралдаа авахад илүүдэхгүй юм).

Судалгаагаар TMD ихэнх тохиолдлуудад хурц болон архаг өвдөлтөөр илэрдэг бөгөөд зарим тохиолдолд мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй холбоотой болох нь ажиглагдсан байна. Мөн сэтгэл гутралд орох, айдас түгшүүрт автах, стресс, удаан хугацаагаар бохь зажлах нь TMD үүсэхэд нөлөөлж болно гэж үзэж байна.

Оношлогоо

Эрүүний үений эмгэгийг зөв оношлоход өвчтөний өөрийн биеийн онцлог, амны хөндийн төлөв байдал чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал шүдний эгнээ болон хоршихуй, зажлуурын булчингууд, эрүү нүүрний ясны төлөв байдал болон эрүүний үений бүтцэд орох үений диск, үений уут зэрэг хэсгүүд хамрагдана. Эдгээр онцлог төлөв байдлаас шалтгаалан ревматоид артрит, үений үрэвсэл, үений толгойн эмгэг, эрүүний үений архаг өвдөлт, булчин хальсны өвдөлт, дискний байрлалын өөрчлөлт гэх мэт зохих ялган оношлогоог хэрэглэж болох юм. (Зөвхөн өвчтөний өөрийн биеийн онцлог, төлөв байдлаар оношлох нь эмнэлзүйд чухал ач холбогдолтой боловч судлаачдын зөвлөмжөөр бусад төрлийн шинжилгээний аргуудыг ашиглах нь оношийн ач холбогдолыг нэмэгдүүлнэ гэсэн байна).

TMD оношлохдоо өвчтөний түүх, өвчиний түүх болон бодит үзлэгийн үр дүнг ашиглана. Бодит үзлэгээр өвчтөний өвдөлт болон зажлах үйлийн хямрал, ялангуяа ам ангайлтын хэмжээ, хэлбэр, ангайх хаах үеийн эрүүний үений чимээ болон нэгэн зэрэг хөдөлж байгаа эсэх зэргийг шалгах нь оношлогооны хамгийн чухал хэсэг юм. Нэмэлтээр шүдний дэлгэмэл рентген зураг, эрүүний үений рентген зураг, тухайлсан CT, MRI ашиглан эрүүний үений хатуу, зөөлөн эдийн байдлыг тодорхойлж оношлогоондоо хэрэглэж болно.

Эмчилгээ

TMD-н эмчилгээ нь тухайн өвчтөний онцлогт тохирсон, оношлогоонд суурьлана. Хамгийн түгээмэл эмчилгээний арга нь хоршихуйн чиг буюу splint юм. Хоршихуйн чиг нь акрилийн хуванцараар хийгддэг, хатуу болон зөөлөн шинжтэй, өвчтөнд гаж нөлөөгүй, шүдний бүтэц байрлалыг өөрчилдөггүй, зөвхөн хоршихуйд нөлөөлөх эмчилгээний сонгомол аргуудын нэг юм. /Гэхдээ TMD-н бүх тохиолдолд хэрэглэхгүй/. Эмийн эмчилгээнд ихэвчлэн өвчин намдаах, үрэвсэлийн эсрэг эмүүдийг хэрэглэх ба зарим тохиолдолд бусад эмчилгээний аргуудтай хавсран хэрэглэнэ. Эмийн эмчилгээнд хэсгийн мэдээ алдуулалт, стеройдууд болон бусад тусгай эмийн бодисыг эрүүний үенд шууд тарих эмчилгээний аргууд орно. Мөн физик эмчилгээ, уламжлалт зүү эмчилгээ, эрүү нүүрний булчинд массаж хийх нь TMD эргэн хэвийн байдалд ороход сайн нөлөөтэй нь батлагдсан байна. Маш ховор тохиолдолд буюу эрүүний үе анатомын эргэшгүй өөрлөлтөнд орсон тохиолдолд мэс заслын эмчилгээг хийх заалттай.

Бэлтгэсэн: Taipei Medical University, докторант Т.Учрал

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

Responses (1)